Ирэх 7 хоногоос огцом хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ 11-р сарын 11 буюу ирэх даваа гарагаас эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөө шөнө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 11-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар цас орно.

Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, 11, 12-нд ихэнх нутгаар, 13-н говь талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Мөн 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор,  Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус,  Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)