Ирэх сарын 16, 26-нд бүх нийтээр амарна

Энэ жил бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдөр нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна.

Ирэх арваннэгдүгээр сард бүх нийтээр амрах хоёр өдөр тохионо. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гаригт Монгол бахархлын өдөр, 26-ны Пүрэв гаригт Улс тунхагласан өдөр таарч бүх нийтээр амарна.

  • МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР 

Монгол бахархлын өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 16-нд 858 жилийн ойн өдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

  • УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР 

1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталж байв.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна. Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг “тэмдэглэлт өдөр” хэмээх  болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Энэ жил бид Улс тунхагласны 96 жилийн ойг тэмдэглэнэ.

Харин арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гаригт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр таарч мөн бүх нийтээр амрах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)