Ирэх сарын сүүлийн хагаст цочир хүйтэрч болзошгүй

Наймдугаар сард дуу цахилгаантай, түр зуурын бороо элбэгтэй байх урьдчилсан төлөв гарчээ. Төвийн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дундаж орчим байх бол нэгдүгээр арав хоногийн эх, сарын дунд болон сүүлчээс агаарын температур өмнөх үеэс 2-5 градусаар сэрүүсэх аж. Гуравдугаар арав хоногийн дунд үед зарим газар цочир хүйтэрч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав. Наймдугаар сарын дундаас эхлэн ихэнх нутгаар цочир хүйтэрдэг. Ялангуяа ирэх сарын сүүлийн хагаст газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг тус газраас сэрэмжлүүллээ.

Зуншлага өдгөө нийт нутгийн 50 орчим хувьд сайн байгаа бол Баянхонгор, Өвөрхангай аймагт газрын гарц тааруу аж. Зуншлага сайжрахгүй байсаар сэрүүний улиралтай золгож болзошгүйг холбогдох албаныхан анхааруулсан юм. ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Аравдугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй тул цасан бүрхүүл эрт тогтож болзошгүй. Энэ нь ирэх өвөл, тэр дундаа арванхоёр, нэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байхыг илтгэх нэг хүчин зүйл” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)