Ирэх сарын дундуур АНУ, БНАСАУ-ын удирдагчид уулзана

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Унтай ирэх сарын дундуур Вьетнамд уулзах саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэвшүүлсэн тухай “Yon¬hap” агентлаг мэдээллээ. Вашингтоны саналд Пёньян хараахан хариу өгөөгүй байгаа гэнэ. Вьетнам нь хоёр удирдагч ээлжит уулзалтаа хийх хамгийн боломжийн газар болохыг “Straits times” сонин мэдээлжээ.

АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болж, хоёр удирдагч нь хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Уг баримт бичигт Пёньян цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзахад зарчмын хувьд бэлэн болохоо зарласан бол БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх үүргийг АНУ хүлээсэн. Гэвч талууд тодорхой хугацаа заагаагүй юм.

Үүний сацуу БНАСАУ-д дангаар авсан хүмүүнлэгийн тусламж олгоход тавьсан хязгаараа сулруулахаар Америкийн Төрийн департамент шийджээ. Тус байгууллага дахь эх сурвалжаасаа эш татан “Foreign policy” сэтгүүл энэ тухай уламжилсан байна. Тухайлбал, АНУ-ын хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудыг Умард Солонгос руу зорчиход тавьсан хязгаараа цуцалж, тус улсад нийлүүлэх тусламжийн эд зүйлсийн жагсаалтаа өргөжүүлэх болжээ. Гэхдээ уг шийдвэр Америкийн Засгийн газрын ажил сэргэсний дараа хэрэгжих аж. Учир нь Төрийн департамент төсөвгүй байгаа юм.

Нөгөөтээгүүр, БНАСАУ-ын Ардын дээд хурал (парламент)-ын тэргүүлэгчид ирэх гуравдугаар сарын 10-нд товлосон парламентын сонгууль явуулах Сонгуулийн төв комиссыг байгуулжээ. Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн уламжилснаар Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Ян Хён Сол тус комиссыг удирдах бол түүний орлогчоор парламентын Мандатын комиссын дарга Ким Пён Хэ томилогдов. Сонгуулийн төв комиссын ерөнхий нарийн бичгийн даргаар парламентын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Чон Ён Гукийг томилсон байна.

Ардын дээд хурал нь БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллага бөгөөд 687 гишүүнтэй. Тэд улсын төсөв, хуулийн томоохон төслүүдийн багцыг батлахаар жилд нэг өдөр чуулдаг юм. Чуулган хоорондын завсарлагаар хууль тогтоох эрх мэдэл парламентын тэргүүлэгчдэд төвлөрдөг аж. Өмнөх буюу 13 дахь удаагийн Ардын дээд хурлын гишүүдийг сонгох сонгууль 2014 оны гуравдугаар сард болжээ. Энэ удаагийнх 2011 оны арванхоёрдугаар сард Ким Жөн Ун улсаа тэргүүлснээс хойших хоёр дахь сонгууль болох гэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)