Ирэх сард гурван эмнэлэг, нэг төвийн үйл ажиллагааг эхлүүлнэ

Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт 2020 оны арваннэгдүгээр сард багтаан гурван эмнэлэг, нэг төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж буйгаа ЭМЯ-наас мэдээллээ. Эхнийх нь Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-5” төслийн хүрээнд барьсан Нэгдсэн жишиг эмнэлэг юм. 16 000 ам метр талбай бүхий, 157 000 хүнд үйлчлэх хүчин чадалтай тус эмнэлэг 200 ортой. Эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн мэргэжлийн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх гэнэ. Удаах нь дүүргийн Эрүүл мэндийн төвийн есөн давхар барилгыг олон улсын стандартын дагуу барьж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн болжээ. Тус төв нь Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх, Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний болон Дотрын, Мэс заслын тасагтай аж. Гурав дахь нь Баянхошууны автобусны буудлын эцэст байрлах эмнэлгийн шинэ барилга юм байна. 150 ортой тус эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулснаар 110 000 гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Дөрөв дэх бүтээн байгуулалт нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол түгээх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд иж бүрэн хамруулах сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий Эрүүл мэндийг дэмжих төв аж. Тус төвийг нээхээр засвар, үйлчилгээг нь хийж буйгаа албаныхан мэдээлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)