Ирэх оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн хэрэгжилтэд байцаагч нар бэлтгэж байна

Энэ сарын 20–22-нд татварын улсын байцаагчид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Солонгосын бодлогын төвөөс зохион байгуулж буй “Үнэ шилжилтийн хяналт шалгалт-Онол ба практик” сэдэвт сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалтаар харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээнд зах зээлийн бус үнэ хэрэглэсэн тохиолдолд татварын албаны зүгээс хэрхэн залруулга хийдэг талаар Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын жишээгээр онолын болон практик мэдлэгийг олголоо.

Татварын албаны зүгээс ирэх оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд олон улсын татварын чиглэлээр албан хаагчдаа чадавхижуулахад анхаарч байгаа албан хаагчиддаа сургалт мэдээллээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн сургалтыг БНСУ-ын Үндэсний Татварын Албанд үнэ шилжилтийн чиглэлээр мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэдэг сургагч багш, үнэ шилжилтийн хяналт шалгалтын байцаагч болон энэ асуудлаар татвар төлөгчдөд зөвлөгөө өгч ажилладаг хуулийн фирмийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг "Үнэ шилжилтийн гарын авлага"-ыг ашигласан бөгөөд уг гарын авлагыг Монгол улсын татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хэрэглэж болох тухай зохицуулалтыг татварын шинэ хуульд оруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)