Ирэх онд дөрвөн тахь нутагшуулна

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүрэг өнгөрсөн оны эцсээр 276-д хүрч, өмнөх оноос 17 хувиар өссөн байна. Зүүнгарын говьд 274, Алаг нуурын говьд хоёр тахь нутагшиж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар, “Олон улсын тахь групп” нийгэмлэг Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран тахийг сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж буй. Өнгөрсөн оны зургадугаар сард гурван тахийн гүүг Чех улсын Прагийн амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирч нутагшуулсан. 2020 онд тус улсаас дахин дөрвөн тахь тээвэрлэхээр төлөвлөж байсан ч коронавирусийн халдварын улмаас ирэх онд авчрахаар болж хойшлуулсан гэнэ. Хустайн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны албаны дарга Ц.Дашпүрэв “Цар тахлын улмаас нислэг хойшилсон учир 2021 онд Чехээс дөрвөн тахь авчирна. Мөн Хустайн нуруунаас дөрвөн тахь Хомын тал руу шилжүүлнэ” гэв.

Ташрамд дуулгахад, одоогийн байдлаар Хустайн байгалийн цогцолборт газарт 370, Тахийн талд 270, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талд 80 гаруй тахь идээшилж байна.

Бэлтгэсэн: Ч. Болор 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)