Ирэх жилийн ачааны хүндийг нийслэлийн төсөв, гадаадын эх үүсвэрт даатгах нь

Хотын иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамддаг агаарын бохирдол, автозамын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хомсдол зэрэг асуудлыг шийдвэрлэхээр жил бүр Нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөө боловсруулж, баталдаг. Үүнд зориулж жил бүр нэг их наяд гаруй төгрөг зарцуулж иржээ. Эдгээр ажлыг гүйцэтгэхдээ улс, нийслэлийн төсөв, гадаадын эх үүсвэр, төр, хувийн хэвшлийн түншлэл гэх мэт хэлбэрээр санхүүжүүлдэг. Тэгвэл ирэх онд аль салбарт илүү “мөнгө хаях” болсон, тэр нь өмнөх хоёр жилийнхээс юугаараа онцлог вэ гэдгийг тодруулъя.

Ирэх жил нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд 1.4 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос ойролцоогоор гурван тэрбум төгрөгөөр бага дүн юм. 2020 онд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 арга хэмжээ хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгажээ. Тодруулбал, эдийн засгийн өсөлтийг өрх бүрт хүргэхэд 61, хот байгуулалт, дэд бүтцийг сайжруулахад 114, байгаль орчин, ногоон хөгжилд 71, нийгмийн хөгжилд 157, засаглалын чиглэлээр 74 төрлийн ажил хийхээр төлөвлөж, хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Гэхдээ эдгээрийг хараахан эцэслэн батлаагүй учраас хэрэгжүүлэх ажлын тоо өөрчлөгдөж мэднэ.

Нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан, зарцуулах хөрөнгө (тэрбум төгрөгөөр)

2020 онд хот байгуулалт, дэд бүтцэд хамгийн их анхаарч, 870.7 тэрбум төгрөг зарцуулах нь. Үүний 21 тэрбумыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь урьд жилүүдийнхээс онцлог болов уу. Учир нь сүүлийн гурван жилд тусгасан хөрөнгө оруулалтыг тус банк санхүүжүүлж байсан удаагүй. Дээрх салбарт энэ онд төр, хувийн хэвшлээс мөнгө зарцуулаагүй. Ирэх жил ч мөн адил бөгөөд улс, нийслэлийн төсөв, гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлэх юм байна. Харин өнгөрсөн онд хувийн хэвшлийнхэн дэд бүтцийг сайжруулахад 78 сая төгрөг зарцуулж байжээ. Хувийн хэвшлийнхэнтэй хамтарч төсөл хэрэгжүүлэхэд үйл ажиллагаа нь тасалдах эрсдэл байдгийг албаныхан өгүүлж байв. Тиймээс хотбайгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэхдээ ирэх онд Хөгжлийн банкийг түших бололтой. Үүнээс гадна улсын төсвөөс 76.3, нийслэлийн төсвөөс 336.7, гадаадын орнуудын зээл, тусламж, санхүүжилтээр 436.5 тэрбум төгрөгийн хөрөнгө “босгох”-оор төлөвлөсөн байна. Томоохон үйлдвэрүүд байгуулах, цаашлаад ажлын байрыг 20 мянгаар нэмэх зэрэгт энэ мөнгийг зарцуулах гэнэ. Мөн байгальд ээлтэй нийтийн тээвэр бий болгож, дэвшилт технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хийхээр үндсэн чиглэлд тусгаад байна.

Ирэх жил ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэнтэй түншлэхгүй нь. Өнгөрсөн хоёр жилд ч хамтарч байсангүй. Улсын төсвөөс 20 сая, нийслэлийн төсвөөс 105.7, гадаадын эх үүсвэрээс 12.4 тэрбум төгрөгийн сахүүжилт авч, нийт 118.4 тэрбум төгрөгийг энэ салбарт зарцуулахаар төлөвлөсөн нь дэд бүтцэд зарцуулах мөнгөнөөс долоо дахин бага дүн юм.

Хамгийн бага мөнгө зарцуулдаг, засаглалыг сайжруулах чиглэлд ирэх онд өмнөх жилээс гурав дахин их хөрөнгө гаргахаар төлөвлөжээ. Тодруулбал, 2018 онд 16.3, 2019 онд 34.4 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж байсан бол ирэх жил 100 тэрбумыг “цацах” гэнэ. Өөрөөр хэлбэл, 2018 онд зарцуулснаас зургаа дахин их мөнгөөр засаглалаа сайжруулах нь.

Ирэх онд нийгмийн хөгжилд 250.8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь байгаль орчны салбарынхаас 132 тэрбумаар их дүн юм. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлээс өнгөр-сөн онд 146.5, энэ жил 86.8 тэрбум төгрөг төсөвлөж байжээ. Тэгвэл төр, засгаас нийгмийг хөгжүүлэх буюу сургууль, цэцэрлэг барих гэх мэт ажилд сүүлийн хоёр жилд хэдэн төгрөг зарцуулж байсныг сонирхъё. 2018 онд ойролцоогоор 245, 2019 онд 249.7 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаас гаргажээ. Нэгтгэн дүгнэвэл, ирэх жилийн ачааны хүндийг нийслэлийн төсөв, гадаадын эх үүсвэрт даатгах нь. Тодруулбал, нийт хөрөнгө оруулалтын 81.4 хувийг тэндээс гаргана гэсэн үг.

“НАЙДВАРТАЙ ГАЗАРТАЙ ХАМТРАХГҮЙ БОЛ ЭРСДЭЛТЭЙ”

Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяраас нийгмийн хөгжилд анхаарах нь хэр үр дүнтэйг тодруулсан юм.

-Нийгмийг хөгжүүлэх чиглэлд их хөрөнгө зарцуулсан ч өгөөж муутай байдаг гэдэг. Манай улс энэ салбарт ихээхэн хөрөнгө зарцуулдгийн шалтгаан юу вэ?

-Нийгмийн хөгжил нь дотроо олон салбарыг хамруулдаг. Мөн удаан хугацааны дараа үр өгөөжөө өгдөг салбар. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө зарцуулах нь нийгмийн хөгжилд анхаарч буй нэг хэлбэр гэж ойлгож болно. Боловсрол гэхэд сургуулийн өмнөх, ерөнхий, дээд гэх зэргээр задарна. Тус бүрт нь хөрөнгө зарцуулах шаардлагатай. Энэ нь их хөрөнгө зарцуулж буй мэт харагддаг. Нэг жишээ татахад, алслагдсан дүүргийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхдийг хөгжүүлэхийн тулд нийтийн тээврийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Тиймээс алслагдсан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад ирэх онд 50 автобус олгохоор тусгасан. Түүнчлэн эх орныхоо хойч ирээдүйг олон улсад боловсрол эзэм-шүүлэх хэрэгтэй учраас бид төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэд гадаадад эзэмшсэн мэдлэг, цуглуулсан хөрөнгөө эргээд улс орныхоо хөгжилд зориулна. Ингэхээр нийгмийн хөгжилд зарцуулсан хөрөнгийн үр өгөөж удаан хугацааны дараа харагдахаас өөр аргагүй.

-Жил бүр хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэхэд багагүй хөрөнгө зарцуулж ирсэн. Энэ салбарт ямар ахиц дэвшил гарав?

-Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь нийслэлд суурьшиж байна. Орон нутгаас шилжин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Өөрөөр хэлбэл, бид гуталдаа багтахгүй байгаа хөл шиг чихцэлдэн амьдарч байна. Дэд бүтцээ сайжруулснаар үүнийг шийдвэрлэх боломжтой. Гэтэл бид иргэдийн хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал хөрөнгөөр шийдэх шаардлагатай. Ирэх онд 870 тэрбум төгрөгийг энэ салбарт зарцуулахаар төсөвлөсөн. Үндсэн чиглэлийн төслийг батлах хүртэл дээрх мөнгөн дүн хэлбэлзэж болно. Би энэ албан тушаалд томилогдоод удаагүй учраас гарсан ахиц, дэвшлийн талаар ярихад эрт байна.

-Төр, хувийн хэвшлийнхний оролцоо өнгөрсөн жилүүдэд бага үзүүлэлттэй байна. Хамтарч ажиллахад ямар асуудал үүсдэг юм бол?

-Үйл ажиллагаа нь тогтворжсон хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй. Найдвартай газартай хамтрахгүй бол эрсдэлтэй. Үүнийг барилгын компаниудын жишээгээр тайлбарлаж болно. Бид ийм туршлагатай, тэгнэ, ингэнэ гэж тендерт шалгарчихаад ажлаа явуулж чадахгүй аж ахуйн нэгжүүд бий. Харин найдвартай компаниуд улс төрд хутгалдахгүй гээд хамтрахаас хойш суудаг.

-Энэ оны нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан ажлын гүйцэтгэл ямар байна вэ?

-Гуравдугаар улирлын байдлаар үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц 80.2 хувьтай байна. Тодруулбал, 38 арга хэмжээ 40, 187 арга хэмжээ 70, 186 арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Гэхдээ хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг холбогдох албаныхан хянаж, дүгнэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)