Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай авто зам тавих нь

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэлэлцэв. Эдгээрээс дурдвал, Сангийн яамныхан дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлэх, дагуул хот байгуулж, орон сууцын хангамжийг сайжруулах гэнэ. Эрчим хүчний яамныхан ирэх дөрвөн жилд алслагдмал дүүргүүдэд дулаан хангамжийн систем байгуулах, дулааны цахилгаан станцуудыг өргөтгөн, нэмж барихаар төлөвлөсөн байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд 414, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд 267, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км төмөр зам ашиглалтад оруулах нь. Мөн Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булганы нисэх буудлын хөөрч, буух шороон зурваст их засвар хийн, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдын чиглэлд хурдны авто зам барих гэнэ. Товчхондоо, ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд хатуу хучилттай 1800 км авто зам тавих аж.

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчилж, хойд хөрштэй иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулан, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр Гадаад харилцааны яамныхан төлөвлөжээ. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж, тэтгэврийн зөрүүг арилгана гэж тооцсон байна. Түүнчлэн нийслэл болон сумын төвийн инженерийн дэд бүтцийг сайжруулж, шил дахин боловсруулах үйлдвэр байгуулан, Төв цэвэрлэх байгууламж, Асгат, Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулахаа холбогдох албаныхан мэдээлэв.

Бэлтгэсэн: Г.Жавхлан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)