Иргэний нийгмийн байгууллагынхан жагслаа

Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийлээ. Тэд энэ үеэр жагсаалыг дэмжигчдийн гарын үсгийг цуглуулж, шүүгчид болон төрийн албан хаагчдын гаргасан шийдвэрт гомдолтой иргэдийн хүсэлтийг тэмдэглэж байв. Үүгээрээ төрийн байгууллагынхан иргэдийг хохироож байгааг харуулж, шүүхийн хууль бус шийдвэрт стратегийн өмгөөлөл хийхээр төлөвлөсөн гэнэ. Тухайлбал, иргэн Ч.Уранчимэг 75 дугаар сургуульд 1997 оноос хойш ажиллажээ. Гэвч 2010 оноос хойш гурван удаа ажлаасаа халагдсан байна. Тэрбээр шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хуулийн дагуу шийдээгүйд гомдолтой байгаагаа хэллээ.

Жагсаалыг зохион байгуулагч, Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар “Жагсаалд төрийн бус 40-50 байгууллага нэгдэх хүсэлтэй байсан. Одоогийн байдлаар 170 байгууллага нэгдлээ.  Бид Засгийн газрын уйвайгүй үйл ажиллагааг ил тод болгохыг шаардаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд нарт хариуцлага тооцно гэдэг нь төрийн хямралыг шийдвэрлэх гарц биш. Шинэчлэлийн Засгийн газар шимигчдийнх болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулсан. Монголд  ядуу хүн олон боллоо” гэв.

Тэд мөн Засгийн газрыг огцрох шаардах бичиг хүргүүлэхээ хэллээ. Энэ нь гайхмаар зүйл биш бөгөөд жагсаал болгон дээр ийм шаардлага хүргүүлдэг жишиг тогтоод буй. Харин жагсаал зохион байгуулагчид үүнд “Төр захиргааны шийдвэр эрүүл бус байна. Бид эрт орой хэзээ нэгэн цагт хариуцлага тооцно. Гол нь эрт тусмаа хохирол багатай” гэсэн хариулт өглөө. Жагсаалд нийт 600-700 хүн оролцсон гэх мэдээлэл өгсөн ч 200 хүрэхгүй хүн харагдсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)