Иргэд цахилгааны төлбөрт илүү мөнгө төлж байна гэв

ШӨХТГ-аас ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад хийсэн шалгалтын дүнгээ танилцууллаа. Шалгалтаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгааг тогтоожээ. Тэд газрын гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас татгалздаг учраас нэг тоолуурт олон айл холбогдож, хэрэглээний төлбөр 150 квт-аас илүү гардаг байна.  Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн “Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөл шаардахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа аж. Түүнчлэн гэр хорооллын айлуудын хашаан дахь цахилгааны тоолуур өндөрт байрладаг, заалт хянах цонхгүй зэргээс хэрэглэгч цахилгааны төлбөрөө хянах боломжгүй байгаа нь хууль зөрчсөн гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлэв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед цахилгааны төлбөр их гарч байна гэж иргэд гомдол гаргах болсон. Үүний шалтгаан юу вэ?

-“Тэлмүүн орд” компани узелийн цахилгааны зардал нэрээр сар бүр 2800, “Богд асар” компани ус дулаан дамжуулах төвийн зардал гэж зургаан мянган төгрөг, “ЦТП” нэрээр 11000 төгрөг авч байсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтыг зөрчиж байна. Мөн “Тунамал өргөө” компани орон сууцны халаалт доголдолтой үед айлуудаас дулаан эрчим хүчний төлбөрийг бүрэн авч байна. Ийм шударга бус байж болохгүй.

-Хууль зөрчсөн эдгээр компанид ямар хариуцлага тооцох вэ?

-Эдгээр байгууллагад ирэх есдүгээр сарын 1 гэхэд иргэдийн хохирлыг барагдуулж, хууль бус үйлдлээ зогсоох улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн. Зарим компани буруу үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Иргэд цахилгааны төлбөртөө ямар нэгэн эргэлзээтэй зүйл гарвал холбогдох байгууллагад хандах хэрэгтэй. Одоогоор манайд “Ургах наран”, “Нүхт вилла” зэрэг 12 айлын орон сууцны хэрэглэгчдээс гомдол ирүүлээд байна. 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)