Иргэд хадгаламж зээлийн хоршоонд хандах нь багасжээ

СЗХ-ноос санхүүгийн зах зээлийн II улирлын дүнг мэдээллээ.

Тайланд өнгөрөгч II улирлын хугацаанд 14 хадгаламж, зээлийн хоршоо татан буугдсаныг хүргэв. Учир нь СЗХ-оос тавьсан шаардлагыг хангаагүй, тогтоосон дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй байна. Мөн өөрсдийн хүсэлтээр татан буугдсан хоршоо ч бий аж. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө өнгөрөгч II улиралд 210.6 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувиар өссөн үзүүлэлт. ХЗХ-дын 90.5 хувь буюу 249 хоршоо нийт 148.4 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 9.5 хувь буюу 26 хоршоо хадгаламж огт татаагүй байна. Нийт хадгаламжийн 97.6 хувь нь хугацаатай бол 2.4 хувийг хугацаагүй хадгаламж эзэлж байна.

Харин Банк бус санхүүгийн байгууллагын хувьд энэ оны II улирлын байдлаар санхүүгийн зах зээлд нийт 538 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас дийлэнх нь буюу 492 нь зээлийн үйл ажиллагаа эрхлэж, 8.6 хувь нь зөвхөн гадаад валют арилжаалж байна. ББСБ-уудын нийт хөрөнгө II улирлын байдлаар 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар буюу 389.4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хөрөнгийн өсөлтийн 84.3 хувийг зээлийн өсөлт, 47.4 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна. Тайлант хугацаанд ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оныхоос 42.7 хувиар буюу 328.4 тэрбум төгрөгөөр өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээл эзэлж байна.
ББСБ-ын салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.4 дахин нэмэгдэж, 360.3 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.3 сая болжээ. Үүнд ББСБ-ууд технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон нь нөлөөлсөн гэнэ. Харин хүүгийн дундаж түвшин 3.3 хувьтай байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)