Иргэд төрийн 400 гаруй үйлчилгээг нэг дороос авч байна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 09-нд болсон ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага албан тушаалтанд хандсан албан бичгийг шийдвэрлэх журам”-ын төслийг хэлэлцлэв. Журмын төслийг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. 

Тэрээр, нийслэлээс төрийн үйлчилгээг хөнгөн, шуурхай, тэгш хүргэх зорилгоор өргөдөл гомдлыг шийдвэрлэх хэд хэдэн тусгай програм нэвтрүүлж, албан бичгийн шийдвэрлэлтийг иргэд хянах боломжтой болсон. Мөн нийслэлийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг 3 салбарт нээн ажиллуулж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд нэг цэгийн үйлчилгээнээс төрийн 400 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон. Цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад хандсан баримт бичгүүдийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд нэгдсэн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү журмыг боловсруулсан. Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтанд хандсан албан бичгийг бүртгэх, шилжүүлэх шийдвэрлэх, үнэлэх хянах үйл ажиллагааг зохицуулах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэхэд журам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг хяналтын нэг тогтолцоонд шилжүүлснээр ажлын уялдаа холбоо, бүтээмж, үр дүн, гүйцэтгэл эрс сайжирна. Бүх албан хаагчид нэгдсэн нэг систем ашиглан албан бичигт хариу өгөх тайлбар хийх боломжтой болж, нэгдсэн бүртгэл дээр хянагдах юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл “Нийслэлд ирж байгаа бүх албан бичиг нэг газар төвлөрч байх ёстой. Төр  хэнд ч тэгш үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тиймээс иргэдийн албан бичгийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулаад авчихдаг мөртлөө албан байгууллага, төрийн байгууллагаас ирж байгаа бичгийг Засаг даргын Тамгын газар, эсвэл аль нэг агентлаг дээр дарга нь өөрөө хүлээж аваад шийдвэрлэдэг байх нь төрийн тэгш байх зарчмыг алдагдуулна. Тиймээс хэн ч байсан, хаанаас ч ирсэн хамаагүй бүх албан бичиг, өргөдөл хүсэлт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжиж хянагдсан, бүтгэгдсэн байх ёстой. Тэгэж байж бид тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж чадна. Тиймээс энэ журамд заавал энэ зохицуулалтыг маш нарийн тусгаж шийдвэрлэх ёстой” гэв. Нийслэлийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудад ирж байгаа албан бичгийг төрлөөр нь ялгаж, нэг цэгийн үйлчилгээгээр нэрлэсэн албан бичгийг хүлээж авч шийдвэрүүлнэ гэсэн байдлаар журамд тусгавал илүү үр дүнтэй болно гэсэн саналыг хэллээ.  Хуралдаанаас, энэхүү журмын төсөлд нийслэлийн  удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган дахин боловсруулах үүргийг өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)