Иргэд нь дүрвэж, цагаачид нутагших Монгол

Ямар ч урамгүй болчихлоо. “Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал явах уу. Тийм бол ямар шалтгаантай вэ” гэсэн санал асуулгын дүнг хараад, сэтгэлд сүүмэлзэж байсан итгэлийн гал бөхөх шиг болов. 21-48 насны 100 хүн санал асуулгад оролцсоноос 79 нь эх орноосоо “дүрвэхэд” бэлэн гэж дуун дээр хэлж байна. Их, дээд сургуульд сурдаг нь сургуулиа хаяад, ажилтай нь ажлаасаа гараад, ажилгүй нь “азны юм” гээд гуяа алгадан, харьд амьдрах ямар л боломж гарна, түүнийг ашиглахаас татгалзахгүй гэнэ. 100 хүн гэдэг тоо шалихгүй юм шиг сонсогдож мэдэх ч Төв Азийн өндөрлөгт амьдарч буй 3.1 сая монголчуудтайгаа харьцуулбал энэ нь тийм ч бага үзүүлэлт биш. Энэ хүмүүс эх орондоо хайргүйдээ, элгэн садныхаа дэргэд амьдрах хүсэлгүйдээ ийм сонголт хийхэд хүрсэн гэж бодож байна уу. 

Монголын оюутнууд сур­гуулиа төгсөхөд мэргэжлээ­рээ ажиллах боломж олдоно гэдэгт эргэлзэж байна. Амьдралаа босгохын төлөө мачийн зүтгэж яваа цахилгааны инженер залуу ур чадвараараа дэвжин дээшилж, карьераа өсгөнө гэдэгтээ итгэл­гүй байна. Цалин нь тогтмол тө­рийн албан хаагч хүртэл одоогийн ажлын байрандаа хэр удаан тэсэхээ мэдэхгүй байна. 50 шахаж буй эмэгтэй Монголоос илүү гадаадад өөрийг нь ажиллуулах газар олдоно гэж итгэсэндээ насаа “голохгүй” харь орон руу тэмүүлж байна. Өөрөөр хэлбэл, эндээс монголчуудын төр улсдаа итгэх итгэл үгүй болсныг харж болно. Тиймээс л “Монголчууд эх нутгаа гэсэн сэтгэлтэй байдаг нь танай улсын хамгийн том хүч, ялгамж чанар, identity” гэж олон улс оронд Элчин сайдаар ажилласан нэгэн эрхмийн тодорхойлж байсан монгол хүний доторх тэрхүү үнэт зүйл гээгдэхэд хүрч. Улаанбаатарын утаа май, унхиагүй улстөрчдийн хийрхэл, ажилгүйдэл, ядуурал гээд ер юу эсийг тэсэж ирсэн монголчууд “Болно доо” гэсэн итгэлээр сэтгэлээ зогоож байв. Өдгөө тэрхүү үнэт зүй­лээ алдсан учраас хаашаа ч хамаа­гүй зугтахын түүс болж, яваандаа “Азийн цыганууд” хэмээх шинэ нэр томьёо түгэн дэлгэрэх магадлалтайг эрдэмтэн судлаачид ч сануулах бо­лов.

Төрийн соёрхолт түүхч Д.Өлзий­баатар өнөөгийн Монголд хоёр дахь их дүрвэлтийн үе эхэлснийг онцолсон. 1930-аад оны эцсээр мон­голчууд Шинжаан Уйгар, Өвөрмон­гол гэхчилэн ийш тийш нүүсэн нь эхний дүрвэлт байсан гэнэ. Учир  нь тэр үед нам төрийн бодлого ард түмнийхээ шашин шүтлэг, итгэл үнэмшил рүү халдаж, улмаар нийг­мийн гарал үүслээр нь ялгаварлан, хэлмэгдүүлсний зэрэгцээ хувийн өмч хөрөнгийг нь хураах зэргээр бу­руудаж эхэлсэн тул тийн дүрвэцгээж байж. Харин шинэ цагийн дүрвэл­тийн шалтгааныг түүхчид хэд ангилж үздэг юм билээ. Ядуурлаас мөддөө гарахгүй гэдэгт итгэсэн нэг хэсэг нь амьдралын эрхээр мөнгө хөөж га­дагшаа гардаг бол эрдэм мэдлэгийг шүтсэн хэсэг нь боловсролын сал­барын дампуурлаас болж харь орныг зорьдог байна. Монголд очоод тэртээ тэргүй ажил олдохгүй гэж боддог өөр нэг хэсэг нь амар хялбар аргаар амь зуухын тулд хулгай хийх, зарим нь хүүхдийн тэтгэмж авах зорилгоор Европт бүгдэг гэнэ. Лангуун дээр давснаас өөр юм “нүдний гэм” болсон 1990-ээд оны эхэн шиг хүнд хэцүү үеийг даван туулахдаа хоёрдоогүй монгол хүний сэтгэл өдгөө “хөрсөн” нь өнөөх л итгэл байхгүйнх биз. 

Үнэндээ монголчууд бидний амьд­рал дээшилнэ, Монгол Улс маань хөг­жин цэцэглэнэ гэдэгт итгэж найдахад хэцүүхэн гэдгийг саяхан УИХ-ын чуулганы хуралдааны танхимд ороод мэдэрсэн билээ. Хууль тогтоох дээд байгууллагын тэрхүү орд өргөөнд чухамдаа ямархуу жүжиг тавигдда­гийг нүдээр үзээд сэтгэл гутарсан. Улс орны хөгжилд хамаатай, хүн ар­дын амьдрал ахуйд нөлөөтэй хуулийн төсөл хэлэлцэж байхад “Нөхөд минь ээ, энэ чинь болохгүй байна. Ингэдэг шүү, үүн дээрээ анхаараарай” гэх мэтээр санал хэлээд байдаг сүрхий албаны царайтай, дориун дуутай ги­шүүдийн үгийг үнэндээ хэн нь ч тоож сонсдоггүй юм билээ. 

Зурагтаар харж байхад микрофо­ноо хаалгатал үг хэлээд байдаг тэр хүмүүс чинь угтаа камерын өмнө бидэнд зориулан жүжиглэж байгаа болохоос тухайн хуулийн төсөлд санал нь тусаж, өөрчилж сайжруулах эсэхэд тэгтлээ ач холбогдол өгдөг­гүй санагдсан. Чуулганы танхимд байгаа гишүүд яг л хичээлийн завсар­лагааны цагийг тэсэн ядаж хүлээсэн хүүхдүүд аятай, хийх юмаа олж яд­даг улс байна билээ. Тийм юм чинь бохь зажлах, боов идэн цайлах, ун­тах, утсаараа тоглох бол гишүүдийн наад захын зугааны ажил байхаас яах вэ. Тийм байхад өдөрт 10-12 цаг хөдөлмөрлөчихөөд авсан цалингаа­раа амьдралаа залгуулж дөнгөхгүйд хүрээд буй залуус гадагшаа дүрвэхэд бэлэн байгааг зэмлэх эрх хэнд ч байхгүй. 

“Улс орныхоо хөгжлийн төлөө ядартлаа зүтгэж байна” гэж төрийн нэр өмнөө барин тэд гоншгоноогүй. Амьдралаа босгохын төлөө чин шударгаар хөдөлмөрлөөд байхад юу ч дээрдэхгүй, өрнөөс өрний хооронд хоног өдрийг өнгөрөөж буйдаа олон монгол хүн гутарч, гундуухан яваа. Эцэст нь итгэл найдвараа гээж байна. Юуны тулд хөдөлмөрлөж буйгаа, ирээдүйд хаана хүрэхээ мэдэхгүй залуусын сэтгэл зүйд хэзээ ч, юу нь ч орвонгоороо өөрчлөгдөж мэдэх баталгаагүй нийгэм ингэж сөргөөр нөлөөлдөг гэнэ. Энэ юунд хүргэх вэ. Гадаадад амьдарч байгаад ирсэн нэгэн эмэгтэй “Эх орны үнэ цэнийг ойлгодоггүй дарга нар Монголдоо ирэхийг хүссэн залууст худлаа өндөр цалин амлаж, хийж гүйцэлдүүлэхгүй байж агуу том зүйл ярьдаг. Уг нь бидэнд мөнгө биш, итгэл хэрэгтэй. Монголын ирээдүйн зураглал, үндэсний амбийц, нэгдмэл зорилго, мөрөөдөл тэмүүлэл, түүнийг хамтдаа бүтээх, оролцох боломж олговол олон хүн эх нутагтаа ирнэ. Би лав мөнгө биш, итгэл хайж ирсэн. Мөнгө биш, итгэл дуусахад эндээс явна” гэснийг энд сануулъя. Монголд хөгжлийн нэгдсэн үзэл, томоохон концепц хэрэгтэй байгааг үнэндээ олон хүн хэлдэг. Цөөхөн монголчуудаас хө­дөлмөрийн насны хэчнээн хүн гадаа­дад ажиллаж, амьдарч буйг нарийн тооцож гаргасан судалгаагүй хэрнээ (Монголын 150 мянга гаруй иргэн гадаадын 75 улсад ажиллаж, амьдарч байгаа гэдэг ч албан бусаар энэ тоог 300 мянгад хүрсэн гэдэг) дахиад нэмж явуулах тухай л төр, засгийн түшээд ярьдаг. Монголдоо буцаж ирсэн хүмүүсээ яаж тогтоон барих, бүгдээрээ хамтдаа юу хийх, яавал сайхан амьдрах вэ гэдэгт бодлогоо тогтвортой чиглүүлэхийн оронд га­даадаас яавал хямд ажиллах хүч авчрах асуудлыг урьтал болгодог. 

Монгол хүн эх орноосоо дүрвэх тухай хэдийнэ бодоод эхэлчихсэн байхад хоржоонтой нь өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хур­лаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын ир­гэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд, 90 хувийн саналаар дэмжив. Тодруулбал, Мон­голд цагаачлан амьдрах оршин суугч­дын тоог жилд 100-гаас дээшгүй байлгахаар уг тогтоолын төсөл тус­гаад буй. “Дүрвэгсдийнхээ” оронд гадаадын цагаачид угтан авах нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)