Иргэд “Монгол ураниум ресурс”-ийн үйл ажиллагааг эсэргүүцэн жагслаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд нутагт нь үйл ажиллагаа явуулдаг “Монгол ураниум ресурс” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн өчигдөр жагсаал зохион байгуулав. Дээрх компани 2010 оноос Эрдэнэцагаан сумын Цагаан эрэг гэдэг газарт ураны хайгуул хийж эхэлсэн бөгөөд лицензээ 2022 оны арванхоёрдугаар сарын 30 хүртэл сунгуулсан нь ийнхүү иргэдийн дургүйцлийг хүргэжээ. “Монгол ураниум ресурс”-ийнхэн Эрдэнэцагаанаас гадна Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд, Сүхбаатарын Онгон, Наран, Дарьганга сумын заагт орших Хүйтэн уул хэмээх газарт ч хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэнэ. Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрынхнаас энэ талаар тодруулахад “Жагсаал зохион байгуулж буй иргэдийн санал гомдлыг сонсохоор хүлээн авч уулзаж байна. Тодорхой мэдээлэл одоогоор өгөх боломжгүй” гэв. Харин БОАЖЯ-ныхан “Бидэнд мэдээлэл ирүүлээгүй” гэсэн юм. Хариуцлагагүй уул уурхайтай тэмцэх чиглэлээр ажилладаг “Их, бага Баяншарга” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бор энэ талаар цахим хуудсандаа “Монгол ураниум ресурс” компани ураны хайгуулаа дуусгаагүй байж хүрэн нүүрс олборлохоор 2019-2049 он хүртэл хүчинтэй А лиценз авсан байна. Эднийх нэрээ нэг бус удаа сольсон. Улс, орон нутгийн шат шатны байгууллагынхан энэ асуудалд анхаарч, арга хэмжээ авахгүй бол Эрдэнэцагаан сум Улаанбадрахтай адилхан болох нь” хэмээн бичсэн байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)