Иргэд виз хүсэхдээ хуурамч материал бүрдүүлдгээс шалгах хугацааг уртасгажээ

Сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлсэн иргэд хариуг нь хоёроос гурван сар хүлээж байгаа. Энэ нь төвөгтэй байгаа талаар зарим иргэн хэлж, яагаад хугацааг уртасгах болсныг тодруулж өгөхийг хүссэний дагуу БНСУ-ын визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх албан ёсны эрхтэй 10 байгууллагын нэг “Монгол ньюс хөтөч” ХХК-ийн ажилтан Б.Золзаяагаас хариулт авсан юм.

-Манай улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлсэн иргэд хариуг багадаа хоёр сар хүлээдэг юм байна. Ингэж удаах ямар шалтгаан байгаа юм бол?

-БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлж буй иргэдийн материалыг шалгахад наад тал нь ажлын 50 хоног зарцуулж байгаа. Хугацаа уртассан нь товчхондоо виз мэдүүлж буй иргэдээс өөрсдөөс нь шалтгаалж байна. Материалыг илүү нарийвчлан шалгах шаардлага тулгарч буй тул хугацаа их зарцуулж байна гэсэн тайлбарыг Элчин сайдын яамнаас ирүүлсэн.

-Иргэдийн материалыг илүү нарийвчлан шалгах шаардлагатай болсон гэлээ. Хуурамч материал бүрдүүлж өгч байгаатай холбоотой юм болов уу?

-Тийм ээ, үндэслэл нь энэ.

-Ер нь БНСУ-ын ЭСЯ-нд ямар хугацаанд хэдэн хүн виз мэдүүлж байна вэ?

-Өдөрт дунджаар 700-800 орчим иргэн виз мэдүүлж байна. Өмнө нь ч ийм л байсан. Гэтэл сүүлийн үед эдгээр иргэнээс сар бүр 500 орчим нь хууль бусаар оршин суухаар тус улсад үлдэж байна. Эндээс хаа хаанаа хүндрэл үүсэх боллоо. Тиймээс иргэдийн материалыг шалгахад хугацаа их зарцуулж байна.

...Олон удаагийн виз авахын тулд визийн брокер болон залилан хийдэг гэмт этгээдүүдтэй хамтарч систем өөрчилж байна. Оюутан байгаагүй хэрнээ сургуульд суралцсан түүх хуурамчаар бүрдүүлж, сургалтын виз мэдүүлэх нь ч бий...

-Яаралтай эмчилгээ, албан ажил зэрэг шалтгаанаар зорчих шаардлагатай иргэдэд шуурхай үйлчлэх боломж бий юү?

-Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, өөрөөр хэлбэл, БНСУ-д мэс засалд яаралтай орох, олон улсын арга хэмжээнд оролцох зэрэг шалтгаанаар виз мэдүүлсэн тохиолдолд албан ёсны зөвшөөрөлтэй төлөөлөн гүйцэтгэх байгууллагад материал бүрдүүлэхдээ яаралтай виз гаргах хүсэлтийн маягт бөглөж болно. ЭСЯ-ны ажилтнууд нөхцөл байдлыг судалж үзээд хариу өгдөг.

-Албан ёсны зөвшөөрөлтэй төлөөлөн гүйцэтгэх байгууллага гэдгийг тодруулж өгнө үү.

-БНСУ-ын визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх албан ёсны эрхтэй 10 байгууллага бий. Гэсэн ч сүүлийн үед виз мэдүүлж буй иргэдийн 20-25 хувь нь виз “зуучлагч”-даар дамжуулан хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөх боллоо. 

“Зуучлагч гэх хүмүүс иргэдээс 6-8 сая төгрөг залилан авч байна” гэж Элчин сайдын яамнаас мэдэгдсэн. Ийм төрлийн, залилангийн хэрэг гарсан тохиолдол бүрт ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын хуулийн байгууллагад хандаж зохих арга хэмжээ авч байгаа. Иргэдэд сэрэмжлүүлэх байдлаар энэ тухай дурдах нь зүйтэй байх.

-Ямар арга хэмжээ авдаг талаар тодорхой ярина уу?

-Төлөөлөн гүйцэтгэх байгууллага хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн бол эрхийг цуцлах, тухайн иргэнийг БНСУ-д нэвтрэх эрхийг нэг жил болон түүнээс дээш хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авдаг.

-Манай иргэд ямар төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлддэг вэ?

-Визийн материал бүрдүүлэхэд ямар нэг бичиг баримт дутвал яаж ч хамаагүй гүйцээх гэж оролддог. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, татвар төлсөн тухай тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, сургалтын визийн бичиг баримт, түрээсийн гэрээ гээд бараг бүх материалаа хуурамчаар үйлддэг гэхэд хилсдэхгүй. 

Нийгмийн даатгалын системийн мэдээллийг өөрчилж, шимтгэл төлсөн лавлагааг өөрийн мэт хуурамчаар үйлдэж байна. Олон удаагийн виз авахын тулд визийн брокер болон залилан хийдэг гэмт этгээдүүдтэй хамтарч систем өөрчилж байна. Оюутан байгаагүй хэрнээ сургуульд суралцсан түүх хуурамчаар бүрдүүлж, сургалтын виз мэдүүлэх нь ч бий. 

Үүндээ их хэмжээний мөнгө төлдөг юм байна. Олон удаагийн виз авсан иргэнтэй гэрлэсэн мэтээр хуурамчаар баримт үйлдэж, тохиролцооны үндсэн дээр олон удаагийн виз мэдүүлж байна. 

“БНСУ-д ойрын хүмүүс бий, тус улс дахь ЭСЯ-нд таньдаг хүнтэй” гэх зэргээр худал ярихад нь итгэж, өөрсдийгөө даатган хууртаж байна л даа. Энэ бүхэн материалыг нарийн чанд шалгах шаардлагыг бий болгож байна. Мөн хугацаа их зарцуулахад хүргэж байгаа хэрэг.

-Материал шалгахад хугацаа их шаардах болсонтой холбоотойгоор ЭСЯ-ын зүгээс ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

-Яамны консулын хэлтэс уртасгасан цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа.

-Өмнө нь иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгдөг байсан уу?

-Хаа нэг ийм тохиолдол гардаг байсан. Одоо хавтгайрах хандлагатай болжээ. БНСУ-ын ЭСЯ-ны зүгээс нөхцөл байдал ийм болсонд харамсаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн.

-Танай “Монгол ньюс хөтөч” ХХК БНСУ-ын визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх албан ёсны эрхтэй. Албан ёсны эрхтэй нийт 10 байгууллага байдаг гэсэн. Бусдыг нь нэрлэж болох уу?

-Махатма Гандийн гудамжинд байрладаг “Passport еxpress international”, Сүхбаатар дүүрэг дэх Монгол, Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг, Баянзүрх дүүрэгт “Hang-Mong law”, мөн “Chinggis global”, 19 дүгээр хороололд “Mongol namshin”, Баянголд GH&F гэж бий. Манай “Mонгол ньюс хөтөч” компани Урт цагааны урд байх “Өнөөдөр” сонины байранд байдаг, “G” дугаартай. Баянзүрх дүүрэг дэх “Сүнжин гранд” зочид буудлын С байранд TECKM, мөн тус дүүрэг дэх “Bambai security service”, “Dido” гэсэн компани визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх ажил эрхэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)