Иргэдээс ирүүлсэн саналыг энэ сарын 26-нд нэгтгэж дуусган, 27-нд УИХ-д танилцуулна

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг нь дэмжсэн билээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Төслийн талаарх иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг УИХ-ын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлэх, төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх” хэмээн заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлэл хүргэн, саналыг нь сонсохоор гишүүд тойрог, орон нутагт ажиллаж буй.

УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар нар УИХ-ын гишүүдийг тойрог, орон нутагт ажиллахад дэмжлэг үзүүлэх, иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзан, чиглэл өглөө. 

УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах ажлын бэлтгэлийг хангахад чиглэсэн сургалт зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын Тамгын газрын ажилтнууд ихээхэн үүрэг, оролцоотой байж, орон нутгийн иргэдийн саналыг цаг тухайд нь Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болгосон аж.

Иргэдээс ирүүлсэн саналыг энэ сарын 26-нд нэгтгэж дуусган, 27-нд УИХ-д танилцуулах тул олон нийтийн саналыг авахдаа төсөлд тусгагдсан тодорхой зүйл, заалттай холбоотой байхад анхаарах, өндөр хариуцлагатай, шуурхай ажиллах шаардлагатайг Тамгын газрын ажилтнуудад дахин сануулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)