Иргэдийн 1072 хувьцаанаас шалтгаангүй дутсан бол нөхөж олгоно

“Эрдэнэс Тавантолгой” компаниас даваа гараг бүр хэвлэлийн хурал зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус компанийн утас руу 1072 ширхэг хувьцааны талаарх мэдээлэл авах зорилгоор 4356 хүн ярьсан бол 325 иргэн биеэр ирж уулзжээ. Тухай бүрт нь зохих мэдээллийг хүргэж, иргэд заавал ирэлгүйгээр, гар утсандаа “Эрдэнэс Тавантолгой” аппликэйшн суулган, 30 орчим брокер, дилерийн компанид цахимаар данс нээлгэх боломжтой гэв. Түүнчлэн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж, энэ он гарснаас хойш өнгөрсөн даваа гараг хүртэл 2.1 сая тонн нүүрс бэлтгэн, 800 000 тонныг экспортолсон аж. Мөн тус компани нэг их наяд гаруй төгрөгийн ногдол ашиг олгох бөгөөд үүнээс 199.7 тэрбумыг нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хуваарилна гэлээ.

Зарим иргэн 1072 хувьцаанаас нь шалтгаангүй дутсан, хэзээ, хэрхэн зарцуулснаа мэдэхгүй байгаа талаар сүүлийн нэг жилд “1072 хувьцаа мэдээллийн төв”-д гомдол, өргөдөл олныг ирүүлжээ. Ялангуяа 2011, 2012 онд их, дээд сургуульд суралцаж байсан оюутнуудын сургалтын төлбөрийг төлүүлэхээр тухайн сургуулиуд нь ногдох хувьцаанаас нь зөвшөөрөлгүйгээр суутгасан аж. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар дээрх төвийн менежер Б.Баатарцогтоос тодрууллаа. Тэрбээр “2011, 2012 онд оюутан байсан 278 000 орчим иргэний сургалтын төлбөрт 130 тэрбум төгрөгийг 1072 хувьцааны ашгаас нь тооцон авсан юм билээ. Гэтэл цөөнгүй оюутан төлбөрөө төлүүлээгүй хэмээн маргаан үүсгээд буй. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор тухайн үеийн оюутнууд сургалтын төлбөрөө төлүүлсэн, гарын үсэг зурж баталгаажуулсан, эсэхийг нь нягтлахаар нэг жил орчим, 21 аймаг, 330 сумд ажилласан ч эцэслэн шийдэж чадаагүй байна. Аймаг, сум, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг байгууллагын тодорхойлолтод үндэслэн ҮЦТХТ хувьцааны хасалт хийсэн. Гэтэл нотлох баримт буюу оюутнуудын гарын үсэгтэй өргөдөл, хүсэлтийг цуглуулахад хүндрэлтэй, дээрх байгууллагууд нь мэдэхгүй, бидэнд баримт алга хэмээн асуудлыг бие бие рүүгээ “түлхсээр” буй. Бид Санхүүгийн зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газарт хандсан. Ирэх дөрөвдүгээр сарын 24-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Тэр хүртэл хэн, хэдэн төгрөгийн ногдол ашиг авахыг эцэслэн тооцсон байх учиртай. Хэрэв оюутан өөрийн зөвшөөрлөөр сургалтын төлбөрөө төлсөн нь нотлогдохгүй бол Засгийн газраас нөхөж олгох учиртай” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)