“Иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь харамсалтай”

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль хүний эрх зөрчсөн гэсэн мэдээллийг иргэн Н.Түмэнбаяр, Г.Алтаншагай нар Үндсэн хуулийн цэцэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлжээ. Уг мэдээллийг судлан, Үндсэн хуулийн цэц маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх тогтоолыг дөрөвдүгээр сарын 7-нд гаргасан аж. Мөн УИХ-аас гишүүн Х.Нямбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө томилсон бөгөөд тэрбээр дөрөвдүгээр сарын 21-нд дээрх мэдээлэлд хариу тайлбар хүргүүлжээ. Гэвч цэц энэ асуудлыг одоо хүртэл хэлэлцээгүй аж.

Иргэн Н.Түмэнбаяр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 5.2.18-д “... тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байна. Санал авах өдөр буюу аравдугаар сарын 15-наас өмнөх 180 хоногийг тооцож үзвэл, дээрх сонгуульд нэр дэвших хүмүүс тухайн тойрогтоо дөрөвдүгээр сарын 14-нөөс өмнө оршин суугчаар бүртгүүлсэн байх ёстой. Гэвч дээрх хуулийг нэгдүгээр сарын 30-нд баталж, хоёрдугаар сарын 14- нөөс мөрдөж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хаасан билээ. Ингэснээр иргэдийн уг сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан байна. Өөрөөр хэлбэл, иргэн Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн “180 хоногийн өмнө” гэх заалтыг мөрдөж, нэр дэвших газар луугаа харьяаллаа шилжүүлье гэхэд УИХ-ын сонгуулийн тухай хуулиар үүнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлачихсан. УИХ-ын сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 25-наас шилжилт хөдөлгөөнийг нээсэн. Гэвч энэ үед харьяаллаа шилжүүллээ ч тухайн тойрогтоо (180-аас доошгүй хоногийн өмнө оршин суух боломжгүй) 83 хоног л оршин сууж, сонгуульд нэр дэвших эрх үүсэхгүй нь. Ардчилал, хуульт ёсны амин сүнс нь чөлөөт сонгууль. Орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн эрхийг ингэж хязгаарлаж байгаа нь харамсалтай” хэмээв.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)