Иргэдийн санхүүгийн байгууллагад итгэх итгэл буурчээ

Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн судалгааг Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) өнөөдөр танилцууллаа. Нийт 1000 орчим иргэдийг судалгаанд хамруулжээ. Судалгаагаар иргэдийн 45.9 хувь нь өнгөрсөн 6 сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Нийт иргэдийн 28.3 хувь нь арилжааны банкнаас, 8.7 хувь нь ББСБ-аас, 8.7 хувь нь ломбард, 7 хувь нь хувь хүнээс авсан зээлтэй байсан аж. Мөн үнэт цаасны зах зээлийн талаарх ойлголтыг нь судлахад иргэдийн 17.2 хувь нь Хөрөнгийн биржийн арилжаанд оролцох талаар зөвхөн сонирхож байсан гэсэн бол 82.6 хувь нь сонирхож байгаагүй, 0.2 хувь нь энэ талаар мэдэхгүй гэжээ. Харин 5.7 хувь нь үнэт цаасны арилжаанд оролцсон байна. Иргэд Хөрөнгийн биржийн арилжааг сонирхохгүй байгаа шалтгаанаа 29.6 хувь нь арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй, 70 хувь нь мэдээлэл байхгүй гэсэн бол 12.2 хувь нь арилжаанд оролцох хөрөнгө, мөнгө байгаагүй гэсэн байна.

“Эн Ар Си Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг хэлэхдээ “Бид иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилгоор дээрх судалгааг 2016 оны III улирлаас хойш хийлээ. 2019 оны II улирлын байдлаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2018 оны мөн үеийнхээс бага зэрэг буурсан. Харин СЗХ болон ББСБ-д итгэх итгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой байна" гэв.

Харин 2019 оны II улирлын байдлаар нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 30.3 хувь нь сайн дурын даатгалтай гэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Судалгаагаар өндөр орлоготой бөгөөд дээд боловсролтой, орон сууцанд амьдардаг иргэд даатгуулсан гэсэн дүнтэй байгаа юм. Харин боловсролын түвшин доогуур иргэд даатгалын талаар мэдэхгүй байгаа нь судалгаанаас ажиглагджээ. Даатгуулаагүй иргэдийн 47.3 хувь нь даатгал шаардлагагүй, 11.7 хувь нь хураамж өндөр гэж хариулсан байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)