Иргэдийн оршин суугаа газрын хаягийг сонгуулиас өмнө тодорхой болго гэв

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Өнгөрсөн баасан гарагт эхний хэлэлцүүлгээ “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн, нийслэлийн болон зарим дүүрэг, орон нутгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтан, “Монгол шуудан” хувьцаат компанийнхан, хуульч, судлаач, иргэдийн төлөөлөл оролцов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “СЕХ, УБЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагаатай өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард танилцахад иргэдийн оршин суугаа хаяг тодорхойгүй, салбар байгууллага бүр хамтарч шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй байгаа нь ажиглагдсан. Тэдгээрийг шийдэх ямар гарц, боломж байгааг ярилцахаар энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор “царцааны нүүдэл” бий болгодог. Энэ нь иргэдийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүйгээс үүдэлтэй. Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ үед хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулж нэмэлт, өөрчлөлтөөр оруулах боломж бий” гэлээ.

Одоогоор 330 сумын 23 124 гудамж, 316 199 хашаа, 23 732 байшинг дугаарласан бол нийслэлийн есөн дүүргийн 10 071 гудамж, 280 332 хашаа, 89 188 байшинг Хаягжуулалтын тухай хуулийн дагуу нэрлэж, мэдээллийн сан үүсгэсэн талаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү илтгэлдээ онцлов. Ирэх жилийн УИХ-ын ээлжит сонгуулийн дараа нийслэлд хаягжуулах ажлыг эхлүүлэх гэнэ. Учир нь хаягийн бүсчлэлийн код алдагдсан учраас Засгийн газраас баталсан 280 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Гудамж, зам, талбай үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын тухай 325 дугаар тогтоолыг энэ онд гаргажээ. Үүнийг 2021 оноос хэрэгжүүлэхээр баталсан учраас хаягжуулах ажил түр зогссон байна.

Дараа нь УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Хаяг, тэмдэглэгээ бол зөвхөн сонгуультай холбоотой асуудал биш. Манай улсад хаягжуулах ажлыг орхигдуулсан нь төрийн болон бизнесийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд хүндрэл учруулж байна. Тухайлбал, гал команд, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд гэр хорооллын гудамж, хашааны хаяг нь тодорхойгүйгээс хугацаа алддаг. Иймд хэлэлцүүлэгт оролцогчид нэгдсэн ойлголтод хүрч, тодорхой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Улсын хэмжээнд сонгуулийн насны 2.1 сая иргэн байна. Үүнээс 1 137 879 нь орон нутагт, 977 060 нь нийслэлд оршин суудаг аж. Гэхдээ ирэх жил сонгуулийн санал хураахаас өмнө 18 нас хүрэх, нас барах, иргэний харьяаллаа өөрчлөх зэрэг шалтгаанаас дээрх тоонд өөрчлөлт орохыг холбогдох албаныхан хэллээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн зохион байгуулалтын зардалд нийслэлд 20.5, орон нутагт 16.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталбал саналын хуудас тоолох дэвшилтэт техник, төхөөрөмж худалдан авахад болон гадаадад байгаа сонгогчийн саналыг тоолоход нэмж мөнгө төсөвлөх аж.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт “Нэг хаягт 30-40 сонгогч бүртгэж, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог үйлдлийг Сонгуулийн тухай хуулиар зохицуулах боломжтой. Тухайн хаягт оршин суух зөвшөөрөлгүй иргэдийн санал өгөх эрхийг нь хаах замаар “царцааны нүүдэл”- ийг зогсоох зохицуулалтыг холбогдох хуульд оруулах шийдэл бий. Бэрхшээл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай учраас Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгнө” гээд нийслэл, орон нутаг дахь иргэдийн оршин суугаа газрын хаягийг тодорхойлох ажлыг сонгуулиас өмнө шуурхай гүйцэтгэж, хууль, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох албаныханд санууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)