Иран цөмийн гэрээнээс гарахгүй

“Цөмийн хөтөлбөрийн талаарх үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөөнөөс Иран улс гарахгүй. Гэхдээ сайн дурын үндсэн дээр нэгдсэн уг гэрээний зарим зүйл заалтыг манайх цаашид биелүүлэхгүй” гэж тус улсын Гадаад хэргийн сайд Жавад Зариф мэдэгдсэнийг IRNA агентлаг уламжлав. Уг баримт бичигтэй холбоотойгоор АНУ-аас үзүүлсэн дарамт шахалтыг Европын Холбоо болон олон улсын хамтын нийгэмлэг сөрж чадаагүйд харамсаж буйгаа тэрбээр илэрхийлсэн байна.

Дээрх гэрээгээр хүлээх үүргээ Ираны эрх баригчид цөөлөхөөр төлөвлөж байгаа тухай урьд нь мэдээлсэн. АНУ гараад нэг жил өнгөрч буй уг гэрээнд оролцогч ОХУ, Британи, Герман, Хятад, Франц гэсэн таван улсын Элчин сайд нартай Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи уулзахдаа эрх баригчдынхаа гаргасан шийдвэрийг мэдэгдэнэ. Тэрчлэн Иран улс бүтэн жил хүлээцтэй байхад гэрээнд оролцогч бусад тал үүргээ биелүүлээгүй тул хүлээх үүргээ цөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрснийг эл таван улсын удирдагч нарт тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани захидлаар дамжуулан мэдэгдэх гэнэ. Харин Ираны гаргасан шийдвэрийг Ж.Зариф Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан төлөөлөгч Федерика Могеринид мэдээлэх аж.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг болон АНУ, Европын Холбооны дангаар авсан хязгаарлах арга хэмжээг цуцалсны оронд Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхээ хязгаарлахаар зааж, 2015 онд байгуулсан гэрээнээс Вашингтон өнгөрсөн оны тавдугаар сарын 8-нд гарсан. Мөн Ираны нефтийн салбарт авсан хориг арга хэмжээгээ АНУ оны арваннэгдүгээр сард сэргээсэн юм. Харин өнгөрсөн сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны нефтийн хориг арга хэмжээ бүх улсад үйлчлэх болсныг мэдэгдэж, томоохон импортлогчдод зургаан сар газрын тос худалдан авахыг зөвшөөрсөн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)