Иран улс хүлээсэн үүргээ дахин хумина

Цөмийн гэрээгээр хүлээсэн үүргээ Иран улс дахин хумина. “Фордо” үйлдвэр дэх цөмийн объектын центрифуг буюу цөмийн төхөөрөмжийг өнөөдрөөс ажиллагаанд оруулна гэж тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдэв.

УРАН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ҮЛЭМЖ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

Үүний өмнө уран баяжуулах шинэ төхөөрөмжүүдээ ашиглалтад оруулснаа тус улсын Цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи мэдэгдсэн юм. Тодруулбал, өчигдөр сайжруулсан гучин “IR-6” центрифугийг ашиглалтад оруулж, үйлдвэрүүд дэх бага зэрэг баяжуулсан ураны үйлдвэрлэлээ үлэмж өргөжүүлснээ тэрбээр мэдэгдсэнийг IRIB телевиз уламжилжээ. Түүний хэлснээр бага зэрэг баяжуулсан ураны үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн хоёр сарын хугацаанд 10 дахин нэмэгдсэн байна. “Бид ийм алхам хийхээр төлөвлөөгүй ч Тегераны талаар баримталж буй Вашингтоны алдаатай бодлого ийм алхам хийхэд хүргэлээ” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

ХОРИГИЙН ЖАГСААЛТАА “БАЯЖУУЛАВ”

Вашингтон Тегераны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаа Ираны зэвсэгт хүчний Жанжин штаб, тус улсын есөн иргэн, тэдний дотор шашны тэргүүн аятолла Али Хаменеигаар өргөжүүлэв. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр уг жагсаалтад тухайлбал, Ираны зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Хосейн Багери, түүний орлогч Голям Али Рашид, Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан зөвлөх Али Акбар Велаяти, Дээд шүүхийн дарга Эбрахим Раиси, Батлан хамгаалахын сайд асан Хосейн Дехган, тэрчлэн цэрэг, шашин, улс төрийн хэд хэдэн зүтгэлтэн, Засгийн газрын төлөөлөгчид оржээ. Тэднийг Ираны шашны удирдагч аятолла Хаменеигийн тойрон хүрээлэгч, байдлыг тогтворгүй болгох бодлого хэрэгжүүлэгчид гэж үзсэн байна. Түүний хоёр дахь хүү Можтаба Хаменег хүртэл хориг арга хэмжээний жагсаалтад бичжээ. Можтабаг Ираны хувьсгалыг хамгаалагчдын корпустай нягт хамтран ажиллаж, тус бүс нутгийн байдлыг бүхэлд нь тогтворгүй болгоход чиглэсэн эцгийнхээ бодлогыг хэрэгжүүлэгч гэсэн байна. Ийм жагсаалтад орсон хүмүүсийн АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, тус улсын иргэн, компанитай бизнесийн харилцаа тогтоохыг хориглодог юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)