Ираны хувьсгалыг хамгаалагчдын санхүүгийн мэдээллийг өндрөөр үнэлнэ

Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын санхүүждэг арга замыг таслан зогсооход тус болох мэдээллийг Вашингтон 15 сая ам.доллароор үнэлнэ. “Исламын Бүгд Найрамдах Иран Улсад шахалт үзүүлэх кампанит ажлаа АНУ-ын эрх баригчид хүчтэй болгож байна” гэж Америкийн Төрийн департаментын тусгай төлөөлөгч Брайан Хук мэдэгджээ.

Тус корпус нь төрийн гэхээс илүүтэй террорист байгууллага шиг ажиллаж буй тул ийм арга хэмжээ авсан гэнэ. “Төрийн байгууллагын санхүүгийн ажиллагааг хөндсөн мэдээлэлд АНУ түүхэндээ анх удаа шагнал санал болгож байна” гэж Брайан Хук тэмдэглэв.

Эл шийдвэрийг Ираны ГХЯ зэмлэн буруушаажээ. “Дайсагнасан мэдэгдэл, арга ядсан алхам хийх нь ихсэж, тухайлбал, улсаасаа урвабал шагнана гэж байгаа нь Ираны ард түмэнд нөлөөлөх гэсэн өрөвдөлтэй оролдлого” гэж тус яамны төлөөлөгч Аббаса Мусави мэдэгджээ.

Үүний өмнө Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус болон “Хезболла” хөдөлгөөнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хэмээн иранчуудаас гадна Энэтхэг, АНЭУ, Ливаны есөн хүн, Иран, Энэтхэг, АНЭУ, Ливан, Сингапур, Сирид бүртгэлтэй 16 компани, Ираны далбаан доор явдаг дөрөв, үлдсэн хоёр нь Панам, Сент Кристофер-Невисийн Холбооны Улсынх болох нефть тээвэрлэдэг зургаан хөлөг онгоцыг хар дансанд бүртгэсэн байна.

“Иран улс бүс нутаг, дэлхийг бүхэлд нь тогтворгүй болгоход чиглэсэн, өдөөн хатгасан ажиллагаа явуулсаар ирсэн. Иранаас нефть авдаг, тус улсын цэргийн болон террорист байгууллага, “Аль-Кудс” хүчнийг илэрхий дэмждэг этгээдүүдэд АНУ-ын Сангийн яамнаас ийм арга хэмжээ авсан” гэж тус яамны тэргүүн Стивен Мнучин мэдэгджээ. “Зөвхөн өнгөрсөн хавар “Аль-Кудс”-ын тэргүүлдэг сүлжээ Сирийнх голдуу 10 сая гаруй баррель нефть тээвэрлэхэд 10 гаруй хөлөг онгоц хөлсөлсөн. Үүнээс хагас тэрбум гаруй долларын орлого орсон” гэж С.Мнучин тэмдэглэсэн байна. Вашингтоны онцолсноор уг сүлжээ нь Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын генерал, Ираны Нефтийн сайд асан Ростам Гасемигийн хяналтад байдаг гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)