Ираны парламент Ерөнхийлөгчөө огцруулж магадгүй

Ираны 11 дэх удаагийн сонгуулийн парламентын чуулган эхэлжээ. Консерваторууд 75 хувийг эзэлсэн хууль тогтоох эл байгууллагад энэ удаа Ерөнхийлөгчийн талынхан үнэмлэхүй олонх болж чадаагүй. Эл байгууллага улс орон нь хоёр жил АНУ-ын хатуу хориг арга хэмжээнээс улбаатай эдийн засгийн асар их дарамт шахалт амссан, сүүлийн саруудад цар тахлын хориог туулж буй түүхэн хүнд үед чуулж буй.

Хоёр жилийн өмнө Ираны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээнээс АНУ дангаараа гарснаас эхлээд Ерөнхийлөгч Хасан Роухани байнга шүүмжлэлд өртөх болжээ. Төр барьсан хугацааных нь гол амжилтад тооцогдож байсан эл баримт бичгийг хэрэгжүүлэх боломжгүй болсноор сөрөг хүчнийхэн Засгийн газраа байнга шүүмжилж ирсэн. Хасан Роуханигийн танхимын сайд нар ажлаа тайлагнаж, гаргасан алдаа, бүтэлгүйтлийнхээ талаар тайлбар өгөх гэж парламентдаа байнга дуудагдаж, заримд нь, тухайлбал, Гадаад хэргийн сайд Мохаммад Жавада Зарифт итгэл үзүүлэх, эсэх асуудал хөндөгдсөн билээ.

Харин парламентын шинэ бүрэлдэхүүн Ерөнхийлөгч Хасан Роуханийг илүүтэй түгшээх гэнэ. Түүний Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудал дахин хөндөгдвөл байдал хүнд болох аж. Ираны Үндсэн хуулийн 136 дугаар зүйлд зааснаар танхимын тал хувь нь өөрчлөгдвөл тийм асуудал тавигдана. Х.Роуахни улиран сонгогдсоноос хойш одоогийн байдлаар 19 сайдын ес нь солигджээ. Тэдний хоёрыг парламентын шийдвэрээр, бусад нь өөрсдийн хүсэлтээр албан тушаалаа орхисон байна. Засгийн газрын нэг л гишүүн нэмж огцорвол итгэл хүлээх, эсэх санал хураалт парламентад нь болно. Ингэвэл тус улсын түүхэнд анхны тохиолдолд болох гэнэ. Парламентын гишүүдийн олонх нь Х.Роухани, түүний бодлогыг шүүмжлэгч учраас санал хураалт олон долоо хоног үргэлж, Сайд нарын танхимын үйл ажиллагаа бүрэн зогсох аж.

Ээлжит сонгууль болоход ердөө нэг жил үлдсэн гэсэн шалтгаан Х.Роуханийг торгоож магадгүй. Ираны Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль ирэх жилийн тав, зургадугаар сард болох бөгөөд Засгийн газрынх нь өнөөгийн тэргүүн гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй. Тус улсын шашны тэргүүн Али Хаменеи парламентын гишүүдийг ятгаж, үлдсэн хугацаанд нь тайван ажиллуулах боломж олгохыг хүсвэл Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлж дуусгах магадлалтай. Эс бөгөөс Х.Роуханигийн сүүлчийн жил түүний төр барьсан хугацаан дахь хамгийн муу он болж мэдэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)