Иракт гаж төрөлт ихэсч байна

Иракийн Фаллужа хотод сүүлийн үед гаж төрөлт хэт ихэсч байгаад АНУ буруутай гэж эмч нар үзэж байна. Тус улсын цэргүүд 2004 онд зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг хийсэн ширүүн тулалдааны нэг Фаллужа хотод болсон агаад тэр үеэр хэрэглэсэн байж болзошгүй өндөр хүчин чадалтай зэвсэг хортой нөлөө үзүүлсэн байх магадлалтай аж. Шинээр төрж байгаа хүүхдүүдийн ихэнх нь зүрхний гажиг, саажилт, тархины гэмтэлтэй төрж байгааг нүдээр үзсэн гэдгээ Ирак дахь ВВС-гийн сурвалжлагч Жон Симпсон мэдэгдээд, “Хотын эмнэлгийн ажилтнууд гурван толгойтой төрсөн хүүхдийн зураг үзүүлсэн” гэсэн байна.
Эмч нар 2003 оноос өмнөх төрөлтийг 2004 оноос хойшихтой харьцуулсан судалгааг Их Британийн судлаач Малик Хамдан ВВС-гийн “World Today” оролцохдоо танилцуулсан байна. Гаж төрөлт 2003 оноос өмнө хоёр сар орчимд нэг байсан бол 2004 оноос хойш өдөр бүр гарах болсон гэдгийг энэ судалгаа харуулж байгаа аж. Энэ оны нэгдүгээр сарын тоо баримтаас үзэхэд гаж төрөлт 1000 хүүхэд тутамд 95 хувьтай байгаа нь Европын орнуудынхтай харьцуулахад 13 дахин өндөр үзүүлэлт. Би нүд, хамар, ам нь духан дээрээ гарчихсан хүүхэд төрж байгаа бичлэгийг үзсэн гэж М.Хамдан хэлсэн байна.
Гэвч АНУ-ын цэргийн хэвлэлийн төлөөлөгч Майкл Килпатрик “Тус хотын иргэдийн эрүүл мэндийн байдал угаасаа сэтгэл зовоох хэмжээнд байсан. Орчны нөхцөл байдал иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгааг тогтоосон судалгаа ерөөсөө байхгүй. Хот суурин газарт өндөр хүчин чадалтай бөмбөг хэрэглэх хориотой байдаг учраас ямар нэг эрсдэлтэй алхам хийгээгүй” гэсэн байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)