ИНФОГРАФИК: Хямралын дохио хангинуулсан валютын дутагдал

Монгол Улсын төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд 1.13 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ бол эдийн засагт хямрал нүүрлэн ирснийг илтгэх маш муу үзүүлэлт. Төлбөрийн тэнцлийн алдагдлын сөрөг нөлөөг улсаа айл өрхөөр төлөөлүүлэн тайлбарлая. Айл хэрэгцээтэй зүйлсээ дэлгүүр, худалдааны төвөөс авдаг. Энэ нь тухай өрхийн зардал. Харин цалин, хөлс авч, бизнес эрхэлдэг бол ашиг олно. Эл мөнгө тухайн айлын орлого. Гаднаас олох орлого нь багасаад, зардал нь өсөөд байвал айл өрх алдагдал хүлээнэ. Зардлаа нөхөхийн тулд зээл авна. Ингээд өрийн дарамтад орно. Орлого нь зардлаа нөхөхгүй байх явдал урт хугацаанд үргэлжилбэл эдийн засгийн хямралд өртөнө. Өрөө төлж чадахгүй бол барьцаанд тавьсан эд хөрөнгийг нь банк хураагаад авчихна. Эд хөрөнгөө алдах нь айл өрхийн түвшинд эдийн засгийн том хямрал билээ.

Улс орны орлого, зарлага зарчмын хувьд дээрхтэй тун төстэй. Манай улс руу ордог валютын урсгалаас гарч буй нь 1.13 тэрбум ам.доллароор их болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зардал, орлогоосоо өндөр байна. Зардлынхаа дутууг нөхөх валютыг гадаадаас, хэн нэгнээс зээлж таарна. Тэгэхээр улсын өрийн дарамт нэмэгдэнэ. Нөгөөтээгүүр, алдагдлыг нөхөхийн тулд валютын нөөцөөсөө хөрөнгө гаргах боломжтой. Манайх валютын нөөц багатай орон. Тиймээс энэ нь зөв сонголт биш. Валютын нөөцөө барчихвал эдийн засаг ирээдүйд улам хэврэг болно. Өөрөөр хэлбэл, ямар нэг гэнэтийн зүйл тохиолдоход хамгаалах санхүүгийн эх үүсвэргүй болох юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал нь улс орны өрийн дарамтыг нэмдэг, валютын нөөцийг нь дундалдаг гэхээр эдийн засгийн хямрал руу аажмаар түлхэж байгаа биз.

Төлбөрийн тэнцлийн алдагдлын эдийн засагт үзүүлдэг өөр нэг сөрөг нөлөө нь валютын ханшийн өсөлт. Гадаадаас орж буй валютын хэмжээ гарч байгаагаасаа багасангуут ам.долларын ханш өсөж эхэлснийг статистик мэдээллээс харж болно. Манай улс валютын нөөц ихтэй байсан бол их хэмжээний интервенц хийж, ам.долларын ханшийг тогтвортой байлгах боломжтой. Дээр дурдсанчлан валютын нөөц багатай учраас төгрөгийн ханшийг аажмаар суллаж, валютын нөөцөө гамнах бодлого баримталдаг юм. “Ногоон”-ы ханш энэ оны нэгдүгээр сарын 3-нд 2735 төгрөгтэй тэнцэж байжээ. Тэгвэл Монголбанкнаас зарласан дундаж ханшаар өнгөрсөн мягмар гарагт 2844 төгрөгтэй дүйв. Энэ он гарснаас хойш ам.долларын ханш 110 төгрөгөөр чангарсан нь энэ. Төгрөгийн ханш суларч, ам.долларынх чангарах тусам импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг жамтай. Дээрх хугацаанд төгрөгийн эсрэг ам.долларын ханш дөрвөн хувиар чангарлаа. Энэ тохиолдолд импортын бараа, бүтээгдэхүүний үнэ дор хаяж дөрвөн хувиар өсөх нь дамжиггүй.

Монгол Улс 2013 онд 1.86 тэрбум ам.долларын төлбөрийн тэнцлийн алдагдалтай гарч байв. Энэ бол сүүлийн арван жилд тохиосон хамгийн өндөр алдагдал. Дараа нь буюу 2014 онд 470, 2015 онд 270, 2016 онд 18 сая ам.долларын алдагдал хүлээсэн. Дөрвөн жил дараалсан төлбөрийн тэнцлийн алдагдлыг Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай”, “Дим сам”, Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондын зээлээр нөхсөн юм. Ам.долларын ханш 2012 оны дунд үед 1320 төгрөгт хэлбэлзэж байсан. Тэгвэл 2016 оны эцэст 2500 төгрөгт хүрсэн билээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал ханшид ийн нөлөөлдөг. Валютын ханшийн өсөлтөөс үүдэн бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, эдийн засагт хүндрэл учруулдаг юм.

Тухайн үед Монголбанкнаас төлбөрийн тэнцлийн хямралыг санхүүгийн зах зээлдээ нэвчүүлэхгүйн төлөө ажиллаж байв. Ирэх жилүүдэд эргүүлэн төлөх учиртай бондууд төлбөрийн тэнцлийн хямралыг санхүүгийн зах зээлдээ халдаахгүй байхад ихээхэн жийрэг болсон гэдгийг дээр дурдсан. Хэрэв санхүүгийн салбартаа халдаачихсан бол цаашлаад эдийн засгийн хямрал болоход ойрхон байв. Төлбөрийн тэнцлийн хямрал санхүүгийн салбар, цаашлаад эдийн засагт халдах дохиог дахин өгч эхэллээ. Одоо Засгийн газар, Монголбанктай хамтран хямрал даамжрахаас сэргийлэх бодлого боловсруулах шаардлагатай. Монгол Улс дор хаяж нэг тэрбум орчим ам.долларын зээл нэмж авч байж төлбөрийн тэмцлийн хямралыг сөрж, эдийн засгаа тэлдэггүй юм гэхэд хэвийн байлгах болов уу.

Манай улс төлбөрийн тэнцлийн хямралд орсон шалтгааныг олоход маш энгийн. Дэлхий дахинд “Ковид-19” өвчин тархаж, улс орнууд хилээ хаасан. Манай улс ч шуурхай арга хэмжээ авч, хилээ хаав. Ингэхдээ гадаадаас хамгийн их орлого оруулдаг нүүрсний экспортоо түр зогсоолоо. Коксжих нүүрсний экспортоо 20 орчим хоногийн дараа дахин эхлүүлсэн. Гэвч хятадууд Гашуунсухайт-Ганцмодын хилийн боомтын нэвтрүүлэх хаалганыхаа тоог цөөлснөөр нүүрсний экспорт төдийлөн нэмэгдэхгүй байна. Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагаст экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор буурсныг мэдээлсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт 321.4, нүүрснийх 852.7 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ. Ерөөсөө нь энэ хоёр бүтээгдэхүүний экспорт буурсан нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг нэмэгдүүлж, хямралын дохиог хангинуулчихсан байгааг анзаарав уу. Төлбөрийн тэнцлийн хямралыг эмчлэх арга нь экспортоо нэмэгдүүлэх юм. Монгол Улс ирээдүйд зэс, нүүрс гэсэн хоёрхон түүхий эдийн үнийн хамаарлаас эдийн засгаа гаргах нь төлбөрийн тэнцлээс үүддэг хямралын өөр нэг эмчилгээ мөн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)