Инфляц энэ онд ч “СЭРЭХГҮЙ”

“Инфляц яг л хүүхэдтэй адил. Аргадвал толгой дээр гарах гэнэ, зэмлээд байвал өөртөө итгэлгүй болчихно” хэмээн нэгэн шинжээч зүйрлэв. Үнэхээр л инфляцыг аядуухан байлгахын тулд хүүхэд хүмүүжүүлж буй мэт аргадаж зэмлэхийг хослуулах хэрэгтэй аж. Үгүй бол 20, 30 хувиар өсөөд талийж өгнө, эсвэл дефляц болж, доош орчихно. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар хэрэглээний үнийн индекс 0.2 хувь буюу инфляц, дефляцын зааг дээр байв. Төвбанкны эдийн засагчдын тооцоогоор энэ онд ч нам түвшинд байх гэнэ. Ингэхдээ өмнөх төсөөллөөс ч доогуур түвшинд байх таамаг дэвшүүлжээ. “Манай улсын эдийн засгийн өсөлт өмнө нь хүлээж байсан түвшинд очихооргүй байгаа тул инфляцын төсөөлөл өмнөхөөс доошилсон” хэмээн Монголбанкнаас улирал тутам тооцдог “Инфляцын төлөв байдлын тайлан”-д дурджээ. Тухайлбал, уг үзүүлэлт энэ оны хоёрдугаар улирал хүртэл тэгтэй ойр байх бөгөөд цаашид алгуурхан холдох гэнэ.

Өнгөрсөн оны эхний гурван улирлын дараа эдийн засаг 1.6 хувиар агшлаа. Шинжээчид оны эцэст ч эдийн засаг өсөхгүй гэсэн таамаг дэвшүүлж байна. Тухайлбал, Монголбанкныхан ДНБ-ий өсөлт 2016 онд -2.8--1.8 хувьд хэлбэлзэнэ гэжээ. Харин энэ оны эцэст 0.8-2.8 хувьтай байх аж. Оюутолгойн ил уурхайн зэс баяжмалын агууламж буурч байгаа нь уул уурхайн салбарын өсөлтөд сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ салбар ирэх онд ч өсөхгүй хэмээн эдийн засагчид үзэж байна. Харин Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв бий. Инфляцын төлөв байдлын тайланд “Энэ онд эдийн засгийн өсөлт нэмэгдэх боловч бодит үйлдвэрлэлийн түвшин урт хугацааны трендээсээ доогуур байх нь. Энэ нь эрэлтийн шалтгаантай инфляцын дарамт бага байхыг илтгэж буй юм” гэжээ. Ингээд инфляц энэ онд 2.4-4.4 хувьд хэлбэлзэх нь.

Монголд инфляцад эрэлт болон нийлүүлэлтээс гадна цаг агаар, валютын ханш, улстөрчдийн шийдвэр гэх мэт хүчин зүйлс голлох нөлөөтэй байдаг. Тухайлбал, инфляцын сагсанд жин дардаг махны үнэ хямд байна. Цаг агаарын байдал, зуд болно гэсэн хүлээлт зэргээс шалтгаалан махны нийлүүлэлт огцом өсөв. Мөн иргэдийн орлого буурсан нь хүнсний гол хэрэглээ болсон махны эрэлтийг багасгалаа. Эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ийнхүү холдож байгаа нь үнэ хямдрахад хүргэсэн. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс энэ жил хүйтэн өвөл болно хэмээн мэдээлж байсан. Мөн “Бичин жил сүүлээ шарвадаг” гэсэн яриа байдаг учир малчид малаа ихээр нядалж, махны нөөц жилийн өмнөх үеэс өссөн. Энэ мэт шалтгаанаас болж хүнсний бүтээгдэхүүний инфляц гуравдугаар улирал хүртэл тасралтгүй уруудах тооцоо гарчээ.

Монголбанкны өнгөрсөн ням гаригийн албан ханшаар нэг ам.доллар бараг 2500 төгрөгтэй тэнцэж байв. Ноён “ногоон”-ы ханш өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхлэн огцом савласан. Энэ нь 2009 оны хямралын үеэс хойших хамгийн өндөр хэлбэлзэл хэмээн судлаачид онцолж байна. “Манай улс хэрэглээнийхээ дийлэнхийг импортолдог. Тиймээс валютын ханш цаашид сулрах нь инфляцыг өсгөх сөрөг нөлөөтэй” гэж Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал Г.Бумчимэг хэллээ. Үүнээс гадна төрийн зохицуулалттай буюу үнийг нь Засгийн газраас “барьдаг” бараа, үйлчилгээний үнэ жил бүр өсөж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жил өмнөх оны мөн үеэсээ 12.3 хувиар нэмэгджээ. Мөн ус, дулаан, цахилгааны үнийн өсөлт инфляцын нэлээд хэсгийг нь эзэлж буйг бүтцээс нь харж болно. Харин 2016 онд энэ бүлгийн үнэ өөрчлөгдөөгүй юм.

Эдийн засаг сүүлийн хоёр улирал дараалан агшсан нь 2013 оноос хойш ярьж, зөгнөсөн хямралтай нүүр тулсныг илтгэнэ. Хямарсан эдийн засагт эрэлтийн гаралтай инфляц бага байх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого багасаж, хэрэглээгээр дамжин илрэх эрэлтийн инфляц намжлаа. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар өрхийн хэрэглээ өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар агшсан юм. Өрхийн орлого сүүлийн долоон улирал дараалан буурсныг даган хэрэглээ нь ч багассан хэрэг. NRCC компанийн гаргасан хэрэглэгчийн итгэлийн индексээр санхүүгийн байдал нь дордсон болон удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаа хойшлуулж буй өрхийн тоо өссөн байна. Мөн эдийн засгийн идэвхжил сул, өрхийн орлого багасаж байгаа тул хэрэглээ нь ч ойрын 1-2 улиралд сэргэхгүй хэмээн эдийн засагчид үзэж байгаа. Тиймээс эрэлтийн инфляц ч намжуухан байх нь. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар манай экспортын хэмжээ 4.3 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй ойролцоо дүн. Харин гуравдугаар улирлын байдлаар цэвэр экспорт жилийн хугацаанд 66 хувиар багассан нь эдийн засгийн өсөлтийг дөрөв орчим нэгжээр бууруулсан аж. Мөн эдийн засгийн хямрал, валютын ханшийн савлагаанаас шалтгаалан импорт 10 орчим хувиар агшчээ.

Ийнхүү бүтэн жил “нойрсож” буй инфляц энэ онд ч сэрэхгүй нь. Төвбанк энэ онд инфляцыг долоон хувьд барина хэмээн зорьж байгаа ч үүнээс бага түвшинд байх таамгийг шинжээчдийн олонх нь гаргаад буй. Нэг талаас инфляц нь эдийн засаг, өрхийн амьжиргааны тусгал болдог. Нөгөө талаас өнөөгийн түвшингээ удаан хадгалах нь иргэдийн амьжиргаанд бас тустай. Ямартай ч эдийн засагчдын тооцоогоор “инфляц” энэ онд ч бөхөө гэгч нь “унтаж”, иргэд үнийн өсөлтөөс ангид байх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)