Инфляц зорилтот түвшнээс буурах төлөв гарчээ

Нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө харьцангуй бага байх төлөвтэй тул энэ оны инфляцын төсөөллийг бууруулснаа Монголбанк мэдээллээ. Тодруулбал, экспортыг хязгаарласнаар махны нөөц нэмэгдэж буй нь инфляцын хоёр орчим нэгжийг бүрдүүлдэг уг бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй нь. Мөн дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарч байгаа нь дотоодод борлуулдаг шатахууны үнийг энэ улиралд ахин бууруулах магадлалтай аж. Ингэснээр хэрэглээний үнийн өсөлтийг хязгаарлах нөхцөл үүсэн, энд онд улсын хэмжээнд инфляц зорилтот 6.2 хувиас багасах магадлалтай гэжээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулжээ. Энэ улиралд эдийн засгийг 4-5 хувиар өснө гэж төсөөлсөн нь -3 рүү орох тооцоо гарчээ. Харин гуравдугаар улиралд тав орчим хувь, дөрөвдүгээрт нь таваас буурах төлөв ажиглагджээ. Цаашид хорио цээрийн дэглэм удаан үргэлжилбэл үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлалын салбарын хямрал гүнзгийрч, хөдөө аж ахуй, эрчим хүч, харилцаа холбооны салбарт мэдэгдэхүйц нөлөө гарахгүйг Төвбанкны тайланд тэмдэглэжээ. Үүнээс гадна Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах нь олон улс болон дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн тодорхой бус байдлыг бууруулж, хөрөнгө оруулалтын өртгийг багасган, гүйлгээ, төлбөр тооцооны системд тулгарах хүндрэлийг багасгах эерэг талтайг дурджээ.

Бэлтгэсэн: С.Төгс


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)