Инфляцын түвшин 8.1 хувьд хүрчээ

инфляци

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний зургаан сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.7, 2018 оны эцсээс 4.9, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.1 хувиар өссөн аж. Инфляц 8.1 хувьд хүрсэнд мах, махан бүтээгдэхүүний үнэ 31.6, ундаа, усны бүлгийн үнэ 10.8, бөс бараа, бэлэн хувцасных 9.8 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлжээ. 

Улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг татварын нийт орлого энэ оны эхний хагаст 4.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсжээ. Өсөлтөд орлогын албан татвар 219.7, нийгмийн даатгалын орлого 217, НӨАТ 98.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь түлхэц болсон аж. Харин тайлант хугацаанд улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 583.1 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарав.

Төсвийн зарлага нэмэгдэхэд урсгал болон хөрөнгийн зардал 653.7 орчим тэрбумаар ихэссэн нь нөлөөлсөн аж. Үүнээс гадна 2019 оны эхний хагас жилд манай улс дэлхийн 137 улстай худалдаа хийн гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.8 хувиар нэмэгдсэн дүн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)