Инфляцын түвшин 10 сарын хугацаанд 5.1 хувиар өссөн гэв

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.3 хувиар буурсан бол энэ оны эцсээс 5.1, 2018 оны мөн үеийнхээс 7.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо баасан гарагт мэдээллээ. Инфляц 7.6 хувьд хүрэхэд мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт 32.6, ундаа, усны бүлгийн бүтээгдэхүүний үнэ 14 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. 5.1 хувиар нэмэгдэхэд мөн л мах, махан бүтээгдэхүүний үнэ 27. 4, ундаа, ус болон гутал, бөс барааны үнэ 5-10 хувиар өссөн нь түлхэц болсон аж. Харин есдүгээр сарын дүнгээс 0.3 хувиар буурахад хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.5 орчим хувиар хямдарсан нь нөлөөлсөн гэв.

Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сард 20.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 7.3, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 их наядаар өсжээ. Өнгөрсөн сард гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 873.9 тэрбум төгрөг болж, есдүгээр сарынхаас 15.9, 2018 оны аравдугаар сарынхтай харьцуулсан дүнгээр 13.9 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгосон зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацаанд 18.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 0.2, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6 хувиар нэмэгдсэн гэв. Түүнчлэн нийт зээлийн үлдэгдэлд ипотекийн зээл 37.3, цалингийнх 26.9, хэрэглээнийх 10.3, тэтгэвэрийнх 6.6, бусад зээл 5.8 хувийг эзэлж буйг дурдлаа. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл энэ сарын нэгний байдлаар 949.1 тэрбум төгрөг байгаа нь өмнөх сарынхаас 36.5, өнгөрсөн оны мөн үеийнхээс 95 тэрбум төгрөгөөр буурч нийт өрийн 5.2 хувийг эзэлж байгааг ҮСХ мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)