Интернэт банк хэрэглэгчид дунджаар хоёр хоногт нэг удаа гүйлгээ хийдэг

Сүүлийн өдрүүдэд сошиал орчин, зарим нэр бүхий цахимд хуудсуудад ХААН банкны интернэт банк, аппликэйшн шинэчлэгдсэнээр энэхүү ухаалаг үйлчилгээний суурь хураамжид өөрчлөлт орж, тэр ч байтугай жилд 365 000 төгрөгийн шимтгэл авдаг мэт ойлголт өгөхөөр мэдээлэл гарчээ. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй эсэх талаар тус банкны Олон нийттэй харилцах газраас тодруулахад:

-Интернэт банк болон аппликэйшнээр ХААН банкны данс хооронд нэг удаа гүйлгээ хийхэд шимтгэл нь 100 төгрөг байдаг. Өмнө нь жилд 10 мянган төгрөгийн хураамж авдаг байсныг болиулж, 2018 оны хоёрдугаар сараас гүйлгээ тутамд 100 төгрөгийн шимтгэлтэй болгосон. Бид үүний өмнө харилцагчдынхаа дунд судалгаа явуулсан юм. Тэгэхэд жилд тоймлож мөнгө авахаар зарим харилцагчдад илүү хохиролтой байдаг юм байна.

Тухайлбал, долоо хоног, эсвэл сард тоотой хэдхэн гүйлгээ хийдэг хүнээс жилд нэг дор 10 мянган төгрөгийн хураамж авснаас гүйлгээ тутамдаа шимтгэл авах нь харилцагчдад илүү ашигтай гэсэн судалгаа гарсан. Нэг талаас гүйлгээ тутамд авч байгаа шимтгэл нь олон удаа гүйлгээ хийдэг хүнд хохиролтой мэт санагдах боловч нөгөө талаас Монголд интернэт банкны хэрэглээ тийм ч өндөр биш шүү дээ. Өдөрт 10-20 удаа гүйлгээ хийдэг хүн ховор.

-Интернэт банк хэрэглэгчид өдөрт дунджаар хэдэн гүйлгээ хийдэг талаар судалгаа байдаг уу?

-Манай өөрийн хийсэн судалгаанаас харахад интернэт банкны хэрэглээг дундажлаад авч үзвэл сард 12-14 удаа буюу хоёр өдөрт нэг удаа гүйлгээ хийдэг юм байна. Зарим нь үүнээс олон, зарим нь бага, хэрэглээ нь янз бүр. Долоо хоногт нэг удаа интернэт банк ашиглан гүйлгээ хийдэг хүн ч байна. Интернэт банкны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэхдээ л өдөрт 10-20 гүйлгээ хийдэг хүн ховор шүү дээ.

Бид Банкны тухай хуулийн дагуу шимтгэл хураамжийнхаа хэмжээг өөрийн вэб сайт дээрээ ил тод зарлаж, мэдээлээд явдаг. Энэ бол зах зээлийн жишиг шимтгэл хураамж байдаг. ХААН банкны талаар илт ташаа үндэслэлгүй, мэдээлэл тарааж байгаад харамсаж байна.


М.Удвал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)