Импортын хөлдөөсөн бүтээгдэхүүний савнаас коронавирус илэрлээ

Хятадын Циндао хотод импортолсон хөлдөөсөн загасны савнаас анх удаа амьд коронавирус илэрснийг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс нь мэдээлсэн байна. Тиймээс хөлдөөсөн бүтээгдэхүүний сав, боодолд хүрснээр халдвар авах магадлалтай аж. Өнгөрсөн сард ОХУ-аас оруулж ирсэн, далайн гаралтай хөлдөөсөн бүтээгдэхүүний савнаас коронавирус илэрсэн юм. Үүнд хүрсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй билээ. Тус хотод халдварын тохиолдол эрс нэмэгдсэн учир өнгөрсөн долоо хоногоос онцгой дэглэм зарлаж, оршин суугчдаа бүгдийг нь шинжилгээнд хамруулах болсон билээ. Халдварын голомт нь ариутгалын шаардлага хангаагүй компьютер томографын өрөө байсныг мэргэжилтнүүд нь тогтоосон. Тус хотод байнга оршин суугчдын тоо шилжин ирэгсэд болон цагаачдыг оруулахгүйгээр өнгөрсөн оны эцсээр 9.4 сая байжээ.

ОХУ-д бүтээсэн “ Спутник V” вакцины хоёр, гуравдугаар шатны туршилтыг Энэтхэгт явуулахыг тус улсын Эм бэлдмэлд хяналт тавих ерөнхий газраас зөвшөөрснийг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон эмийн “Dr. Reddy’s laboratories” компани уламжлав. Одоо эл вакцины туршилтыг Оросын сайн дурын 40 мянган оролцогч, Беларусь, Венесуэл, АНЭУ-д явуулж байна. Энэтхэгт ОХУ-ынхаас гадна Оксфордын их сургууль, Австрийн “AstraZeneca” компанийн “Covishield” вакцины сүүлийн шатны туршилтыг хийж буй аж.

ОХУ-д коронавирусийн үржлийг зогсоодог эм бүтээж байгаа бөгөөд эмнэл зүйн өмнөх туршилт явуулж байгаа тухай ЭМЯ-ных нь Харшил, дархлаа судлаач Рахим Хаитов мэдэгджээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар хүнд хэлбэрээр илэрсэн өвчтөнийг эмчлэхэд ганц кортикостероид дексаметазон эм үр дүнтэй байгааг ДЭМБ-ын захирал Тедрос Аданом Гебреисус мэдэгджээ. Ремдесивир, интерферон нь нас баралтын үзүүлэлтийг бууруулахад, өвчтөний эмчлүүлэх хугацааг богиносгоход төдийлөн нөлөөлөхгүй байгааг судалгааны дүн харуулсан гэнэ.

“Ковид-19” туссан, Британийн 45 настай иргэн дүлий болсон нь уг өвчний түүхэн дэх анхны тохиолдол болов. Вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин туссаны дараа гэнэт дүлийрэх тохиолдол бүртгэгдсэн ч коронавирусийн хувьд урьд нь ийм явдал гарч байгаагүй аж. Тиймээс тус улсын эмч нар коронавирустэй өвчтөний сонсголд онцгой анхаарч, зохих мэргэжилтэнд яаралтай хандахыг зөвлөжээ. Багтраатай эл өвчтөн нь Лондоны нэг эмнэлэгт хүргэгдэн, сэхээн амьдруулах тасагт 30 хоног эмчлүүлээд эдгэрч байсан гэнэ. Шинжилгээнээс үзвэл үрэвсэл, сувгийн бөглөрлөөс бус, мэдрэл, эсвэл дунд чих гэмтсэнээс, цаашлаад энэ хоёр хавсарснаас болж өвчтөн дүлийрсэн байна. Вирус нь уушгины эсийн тодорхой хэлбэрт нэвтэрч, халдвар тараасан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)