Ийм шударга ёсыг хүсэхгүй байна

МОНГОЛД ШҮҮХ БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ Ц.НЯМДОРЖИД БАЙХГҮЙ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Монголд шүүх байхгүй” гэв. Чихээрээ сонсоогүй бол итгэмээргүй энэ үгийг хэлэхдээ тэрбээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хууль бус алхам хийлгэхээр зүтгэж байлаа. Тодруулбал, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлэн хоригдож буй хоёр иргэнийг суллах тухай Л.Болд гишүүний “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж, гэмт хэрэгт ял хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн зарим этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд нэн даруй суллах арга хэмжээ авах” гэсэн саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолд оруулахыг гишүүдээр дэмжүүлэхийн тулд энэ үгийг хэлсэн юм.
Шүүхээс гэм буруутай гэж үзээд, ял өгч хорьсон хүмүүсийг гэм буруугүй хэмээн суллах шийдвэрийг шүүх л гаргах учиртай. Энэ асуудлыг УИХ-ын танхимд хэлэлцэн шийдэж, тэгээд хэн нэгэнд үүрэг, чиглэл өгөх нь яагаад ч байж болохгүй үйлдэл гэдгийг уг нь тэр мэдэхийн дээдээр мэдэх ёстой сон. Эрх мэдэл, чиг үүргийн хувьд өөр, бие биенээсээ хараат байх ёсгүй, нэгнийхээ ажилд нөлөөлөх, үүрэг, чиглэл өгөх талаар бодох ч учиргүй, засаглалын хоёр өөр институцийг ингэтэл нь дорд үзэж, хууль завхруулж болохгүйгээ мэдэхийн дээдээр мэдэх хүн нь уг нь Ц.Нямдорж. Өөрийнх нь эсрэг дуугарсан бүхнийг тачигнатал загнаад дуугүй болгодог түүний улс төрд өнгөрүүлсэн хугацаа, хашиж ирсэн албан тушаал, бүрдүүлсэн имиж гээд аль ч талаас нь харсан бусдын ийм саналыг өөгшүүлж дэмжих бус, таслан зогсоогоод сууж байх ёстой хүн.

Гэвч өөрт ашигтай, үгүйгээр нь ялгаж, “шударга ёс тогтоодог” дарга нарын сонгодог дүр тэрбээр “Монголд шүүх байхгүй учраас УИХ шүүхийн үүрэг гүйцэтгэж болно” гэснээс ялгаагүй зүйл яриад сууж байв. Үүнийгээ шударга ёсны төлөө хийж буй хэмээн тайлбарлах биз. Гэвч УИХ өнөөдөр шударга ёс хэмээх сайхан үгээр туг хийж, шүүх засаглалын бие даасан байдлыг үл тоон, ялтай хүмүүсийг суллах, эсэхийг шийдээд эхэлбэл энэ нь маргааш “Буруутай, үгүйг нь шүүхээр тогтоох шаардлагагүй, хорь, цагд, бууд” гэсэн тушаал өгөх үүдийг нээснээс ялгаагүй билээ.

Судлаач Д.Ганхуяг нэгэнтээ “Ц.Нямдорж худлаа ярьдаггүй, харин чин үнэнийг биш, хагас үнэнийг хэлдэг. Гэмт хэргийн баримтыг дарж хуримтлуулж байгаад аль нэг дайснаа дарахын тулд гаргаж ирдэг. Гэмт хэргийг дарах, эсвэл илчлэх, эсэх нь Ц.Нямдоржийн улс төрийн зорилгоос л хамаардаг” хэмээсэн. Тэр шударга ёсны тухай ярихдаа ч мөн жинхэнэ шударга ёсыг бус, өөртөө ашигтай шударга ёсыг эрж хайдаг аж.

Ц.Нямдорж “Монголд шүүх байхгүй болсон. Даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж, шоронд насаар нь хатаадаг бүлэг дээрэмчин л бий” гэсэн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор томилогдсоноос хойш 40 шахам жил энэ салбарт ажилласан, УИХ-д зургаан удаа сонгогдож, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдсон, Гавьяат хуульч хүн салбараа худлаа дүгнэхгүй нь лав. Гэхдээ үнэхээр Монголд шүүх байхгүй, даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж, шоронд насаар нь хатаадаг бүлэг дээрэмчин бий болсон юм бол үүнд Ц.Нямдорж ямар ч буруугүй, хууль зүйн салбарыг удирдсан олон жилийн хугацаандаа огтхон ч оролцоогүй гэж үү.

Монгол Улс ардчилсан нийгмийг цогцлоохоор зорьж ирсэн бүх хугацаанд УИХ-д сууж, өөрийгөө Монголын хамгийн том хуульч, шударга хүн хэмээн харуулахаар оролдож ирсэн, “төрөлхийн” Хууль зүй, дотоод хэргийн сайд мэт боломж л гарвал энэ албан тушаалд оччихдог энэ хүн хууль, шүүхийн байгууллагыг ийм болсныг одоо л мэдэж байгаа гэдэгт итгэх үү. Монголын шүүх засаглал дээрэмчдийн гарт байгаа, монголчууд бүлэг дээрэмчнээр зөв, буруугаа дэнслүүлж яваа бол үүнд Гавьяат хуульчийн гай байхаас зайлахгүй. Харин гэнэт сэрсэн мэт ийн аашилж, хээрийн чонотой нийлсэн хотны нохой шиг үсчиж буйн цаана өөр, маш том эрх ашиг нуугдаж байгаагаас зайлахгүй. Ц.Нямдорж бол шударга ёс гэдэг сайхан лоозонтой өнөөгийн эрх баригчдын нийтлэг дүр төрх.

ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЧОНО БУЮУ ЖДҮ-ГИЙНХНЭЭС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ

“60 тэрбум”-ынхнаас л болж Монголын төр сүйрлээ, бид шударга ёс тогтооно гэж орилсоор төр, засгийн бүх эрхийг авсан бүлэглэлээс олон нийт ихийг хүлээж байсан. Бүхний буруутнаар нэрлэсэн М.Энхболдоос намын даргын албыг нь аваад жил хагас, УИХ-ын даргын суудлаас унагаад хэдэн сар өнгөрөв. У.Хүрэлсүх нам, засгийн эрхийг аваад 19 сар боллоо. Шударга ёс тогтов уу, амьдрал ахуй дээрдэв үү. Бүтэж, бүтээж байгаа зүйл харагдана уу. Юу өөрчлөгдсөн бэ.

М.Энхболдын бүлэглэлээс У.Хүрэлсүхийн талынхан эрх мэдлийг нь булааж аваад юу ч сайжирсангүй. Харин ч улам илүү бохир, эрээ цээргүй, айж ичих зүйлгүйгээр эрх мэдэл, албан тушаалын төлөө зүтгэж, идэж, уухаар уралдаж байна. Намынхаа Засгийн газрыг унагаж, У.Хүрэлсүх болон түүний танхимынханд боломж олгосон УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-гийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь хувааж өглөө. Хууль журмыг уландаа гишгэж, бүр болохоо байвал хүчээр хууль баталж байгаад хүссэнээ хийхээ харууллаа. Хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг бүгдийг нь сольж, энэ хүмүүсээрээ өөрсдийн хийсэн хууль бус үйлдлүүдийг баллуулаад эхэлж байна. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-г цөлмөсөн улстөрчдийн хэргийг хэрэгсэхгүй болгож буй нь үүний тод жишээ. Түүгээр зогсохгүй хэрэг нь шийдэгдээгүй, хууль, хяналтын байгууллагаар шалгуулж буй заримыгаа байнгын хорооны даргаар томиллоо.

Энэ нь шударга ёсны төлөөх тэмцэл мөн үү. Ийм хүмүүс шударга ёс тогтоох уу. Тэдний хүсэж, зорьсон зүйл, тогтоох гэсэн шударга ёс нь эрх мэдэл, албан тушаал, эд баялагт хүрэх, өөр юу ч биш. “Чамд долоо, надад долоохон” гээд уйлдаг ховдог хүү шиг, үгийн муугаар хэлэгдсэн М.Энхболдын талынхнаасаа ч илүү хомхой, яахаас ч буцахгүй нөхөд хууль журмыг уландаа гишгэн дураараа дургиж буй нь өдрөөс өдөрт тодорч байна. Ажиллаж байгаа арга барил нь урьд өмнөхөөсөө ч илүү бохир, эрээ цээргүй, ёс зүйгүй болж байгааг харахад урам хугарах гэдэг үг ч багадна. Тэдний урам хугалсан алхмууд ирээдүйг улам харанхуй харагдуулж байна. Бид ийм шударга ёсыг хүсэхгүй байна.

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)