Израиль Гаазын зурваст агаараас цохилт өгөв

Израилийн онгоцууд Гаазын зурваст агаараас цохилт өгч, зэвсгийн дөрвөн үйлдвэр, дархны газар, хөдөө аж ахуйн ферм, сүүний үйлдвэр зэрэг “Хамас” бүлэглэлд харьяаллагдаг гэх газруудыг сонгон устгасан байна. Палестины эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Израилийн онгоцууд цохилт өгөх гэж байгааг анхааруулсан хуудас онгоцноос цацаж, Гаазын зурвасын Хан-Юнис хотод алагдсан хоёр цэргийн өшөөг авахаар байлдааны ажиллагаа явуулж байгаагаа мэдэгджээ. “Урьдчилан анхааруулга өгсөн учраас энгийн иргэдийн амь нас хохироогүй ч дэлбэрэлтээс цацагдсан барилга байшингийн хэлтэрхийд цохиулан гурван хүүхэд шархадсан” гэж Палестины Эрүүл мэндийн сайд Муава Хассанейн мэдэгджээ.  
“Израилийн цэргүүд дөрөвдүгээр сарын хоёрны шөнө Палестины цагдаагийн хэсэг, сургалтын төвүүдэд гэнэтийн дайралт хийж, нэгжлэг хийсэн” гэж Хамас бүлэглэл мэдээлэв. Израилийн Батлан хамгаалахын сайд “Гаазын зурваст манай иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа идэвхжиж байгааг бид зүгээр өнгөрөөж чадахгүй” гэлээ. Нэлээд намжмал байсан хоёр талын харилцаа Тель-Авив Зүүн Иерусалимд еврейн суурин барих шийдвэр гарсны дараа дахин хурцадсан. Палестинчууд Зүүн Иерусалимыг ирээдүйд байгуулагдах өөрийн туурга тусгаар улсын нийслэл болох ёстой хэмээн үздэг.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)