Израилийн шинэ залуурт онгоц Иран хүрэх чадвартай

Израилийн Агаарын цэргийн хүчний командлал шинэ төрлийн онгоц хүлээн авсанаа мэдэгдлээ. Дэлхийд хамгийн томд орох “The Heron TP” гэх энэхүү нисгэгчгүй, залуурт онгоц буулгүйгээр 20 гаруй цагийн нислэг үйлдэх төдийгүй Израиль улс оршин тогтнох ёсгүй хэмээн мэдэгдэх болсон Ираны нутагт хүрэх чадвартай юм. Онгоцыг танилцуулах ёслолын арга хэмжээн дээр Израилийн бригадын генерал Амикам Норкин “Агаарын хүчнийхэний мөрөөдөл болсон онгоцыг бид танилцуулж байгаадаа баяртай байна. Сөнөөгч, бөмбөгдөгч Ф-15 онгоцны багасгасан загвар болох энэ онгоц 12.000 метрийн өндөрт хөөрөх чадвартай, технологын болон үйл ажиллагааны хувьд цоо шинэ бүтээл” гэв.
Шинэ онгоцыг Израилийн зэвсэгт хүчний захиалгаар төрийн мэдлийн “Israel Airforce Industry” бүтээжээ. Тус улсын цэргийнхэн шинэ онгоцыг цаашид олноор үйлдвэрлэх, Ираны эсрэг ашиглах зорилгоор бүтээсэн эсэх тухай асуултад хариулахаас татгалзсан байна. Гэхдээ байлдааны олон талт, шинэ зорилгод ашиглахаар зохион бүтээсэн гэдгээ нуусангүй.
Тель-Авив Ираны уран баяжуулах хөтөлбөр стратегийн хувьд занал учруулж байгаа төдийгүй тус улсын эрх баригчид жүүдийн улс оршин байх эрхгүй хэмээн мэдэгдэх болсонд эгдүүцлээ илэрхийлсэн.
Хэрэв дэлхийн хамтын нөхөрлөл Иранд доривтой шахалт үзүүлж, цөмийн хөтөлбөрийг нь зогсоож чадахгүй бол Израиль Тегеранд анхааруулах цохилт өгөх боломж бүрдэж байна. АНУ, Израиль энхийн зорилгоор уран баяжуулж байгаа гэсэн үгээр халхавчлан цөмийн зэвсэг бүтээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.
Нисгэгчгүй залуурт онгоц бүтээх технологиор Израиль дэлхийд тэргүүлдэг бөгөөд 1982 онд Ливан руу хийсэн дайралтын үеэр ийм онгоцыг анх хэрэглэсэн. Афганистан, Пакистаны уулархаг нутагт бүгсэн алан хядагчид, тэдний толгойлогчдыг устгах ажиллагаандаа хэрэглэх зорилгоор АНУ нисгэгчгүй онгоцыг олноор нь захиалдаг. Гэхдээ Израилийн зэвсэгт хүчнийхэн залуурт онгоцоо пуужингаар тоноглосон гэдгийг хэзээ ч албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Тэд “Бид өөрийн хил хязгаарт хяналт тавихын тулд нисгэгчгүй онгоц ашигладаг” гэдгээс өөр зүйл хэлдэггүй. Харин палестинчууд Израилийн залуурт онгоц пуужингийн цохилт хийхийг олон удаа харсан хэмээн гэрчилдэг.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)