Идэвхгүй залуу үе ирээдүйгээ бүтээж чадах уу

Конрад Аденауэр сангийнхан залуусын улс төрийн оролцооны талаарх судалгааг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хийжээ. Уг судалгаагаар 18-20 насныхны 13.4 хувь нь сонгууль бол иргэдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх арга гэж хариулсан бол 20 гаруй хувь нь шилдэг улстөрчдөд төрийн эрхийг бариулах сонголт гэж үздэгээ илэрхийлжээ.

Сонгуульд яагаад саналаа өгөхгүй байгааг залуусаас асуухад “Улс төр надад хамаагүй”, “Итгэл хүлээхээр нэр дэвшигч байхгүй”, “Миний саналаар дутахгүй”, “Сонгосон ч мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүй” зэргээр хариулж байв. Ийм хандлагатай хүмүүс жил ирэх тусам олшрох магадлалтайг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээллээс харж болно. Тухайлбал, 1992 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн 92 хувь нь саналаа өгсөн бол 2004 онд 74.9, 2012 онд 66 болтлоо буурсан байх юм. Тэдний дундаас хамгийн залуу сонгогчид болох 18-25 насныхны ирц бүр хангалтгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуульд ойролцоогоор 410 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь л идэвхтэй оролцсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 18-25 насны залуусын сонгуулийн идэвх хамгийн муу буюу хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгчээ. Харин 60-аас дээш насныхны 100 хүн тутмын 97 нь сонгуульд оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Манай улсын хүн амын 60 гаруй хувийг залуус эзэлж буй. Тэдний оролцоо энэ хэвээр үргэлжилбэл өөрсдийнхөө амьдрахыг хүссэн нийгэм, орчноо бүрдүүлэх тэдний үүрэг үнэ цэнгүй болж үлдэж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, идэвхгүй залуус ирээдүйн сайн сайхан нийгмийг бүтээж чадна гэдэг нь эргэлзээтэй. Залуу сонгогчдыг идэвхжүүлэх нь дан ганц, төр засгийн хийх ажил бус, иргэдийн өөрсдийнх нь ч ухамсрын асуудал. Бусад оронд ч залуусын оролцоо муу байсан үе бий. Гэхдээ үүнийг улстөрчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд хамтран өөрчилж чадсан жишээ байна. Тухайлбал, АНУ-д залуус байнга цагаа зарцуулдаг нийгмийн сүлжээгээр улс төрийн оролцоо, сонгуульд саналаа өгөхийн ач холбогдлын талаар контент бэлтгэжээ.

“Ерөнхийлөгчийн сонгуулийн санал асуулга 06.00-19.00 цагийн хооронд үргэлжилнэ. Өөрт ойрхон санал өгөх байраа эндээс хараарай”, “Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хэн нь илүү сайн ажиллах бол, саналаа өгөөрэй”, “Хэрхэн санал өгөхөө мэдэх үү, Танд иргэний үнэмлэх хэрэггүй. Санал авах байр луу ирэхэд хангалттай. Бүртгүүлсэн бол саналын хуудас тэнд байх болно” гэх зэргээр сонгууль зохион байгуулдаг байгууллага залуусын утсанд зурвас илгээсэн байна. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд улс орны хөгжил дэвшилд залуус хэрхэн оролцох боломжтой талаар ухуулга, сурталчилгаа явуулжээ. Үүний үр дүнд 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар залуу сонгогчдын ирц ахмад үеийнхнээс өндөр гарсан аж. Тодруулбал, нийт сонгогчийн 69.6 хувийг залуус бүрдүүлэхэд дээрх алхмууд нөлөөлсөн гэж судлаачид дүгнэсэн юм. Монголд ч УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирээд байна. Сонгуулийн тухай хуулиа ч батлах нь. Идэвхгүй залуу үеэ энэ чигээр нь орхих уу, тэднийг идэвхжүүлэхийн тулд юу хийх боломжтой талаар доорх хүмүүсээс тодрууллаалаа.

СОНГОГЧ ИДЭВХТЭЙ БОЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ХУУЛЬ “ТӨРӨХГҮЙ”

Б.ОЮУМАА (Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга)

-Бид 2016 онд оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулж Ирээдүйн сонгогч, Залуу сонгогч зэрэг хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлсэн юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор болон ес, 67 дугаар сургуулийн 268 сурагчийг уг хөтөлбөртөө хамруулсан. Ингэхдээ хүүхдүүдийг нэр дэвшигч, сонгогч, ажиглагч, сонгуулийн хорооны ажилтан болгож, дүрд хувиргаад санал хураах үйл явцыг тэднээр удирдуулсан юм. Хөндлөнгийн нөлөөнд автахгүйгээр сонголтоо хийх нь ямар ач холбогдолтойг жишээгээр тайлбарлахад хүүхдүүд амархан ойлгож байлаа. Сургалтын дараа сонгуульд идэвхтэй оролцох, эсэхийг нь асуухад бүгд саналаа өгнө гэж хариулсан. Мөн МУБИС-ийн оюутнуудад ч ийм сургалт зохион байгуулахад үр дүнтэй байв.

Багаас нь зөв ойлголт өгвөл цаашдаа сонгуульд идэвхтэй оролцдог болно. Хүүхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн мэдээлэл, эцэг, эхийнхээ үзэл бодолд тулгуурлан сонгуулийн тухай ойлголттой болдог гэж хэлж байсан. Төсөв, мөнгөгүй учраас энэ жил ийм сургалт зохион байгуулахгүй л болов уу. Сургууль бүрт очиж сургалт зохион байгуулахын тулд тоног төхөөрөмжөө зөөх, саналын хуудас хэвлэх зэрэг багагүй зардал шаардагддаг. Үүнд мөнгө төсөвлөдөг бол сонгогчийг идэвхжүүлэх ажлыг цаашид тогтмол хийх боломжтой. Зөвхөн танхимын сургалтаар бус, контент бэлтгэх нь залууст төдийгүй иргэдийг идэвхжүүлэхэд тустай. Сонгогчид хариуцлагатай, оролцоотой байвал амьдралд хэрэгжих боломжгүй, ашиггүй хууль, дүрэм журам баталдаг хүмүүс төрийн эрхийг барихгүй. Залууст зурагт, сошиал орчин, эцэг, эхээс нь өөр бодитой мэдээлэл өгөх эх сурвалж байхгүй. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч ямар мэдээг хэрхэн түгээхээ анхаарах хэрэгтэй.

ЗАЛУУСЫГ ИДЭВХЖҮҮЛЭХ ТУХАЙ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ХОЛБОГДОХ ХУУЛЬД НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

Д.ТҮМЭНЖАРГАЛ (МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор)

-Сонгогчдыг сургалтад хамруулах нь тухайн үедээ үр дүнтэй байж болох ч хэдхэн удаагийнх болохоор хангалтгүй. Иргэдийн оролцоо тогтмол буурч байгааг сонгогчдын сэтгэл зүйтэй холбон тайлбарлаж болно. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсийг дурдвал, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, иргэдийн амьжиргааны болон боловсролын түвшин, ухамсар, сонгогчдын насны ялгаа, нутгархаг үзэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба интернэт орчин юм. Хамгийн гол нь хэвлэлээр түгээж буй мэдээлэлд анхаарал хандуулах нь чухал. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар редакцуудын бэлтгэсэн сэтгүүл зүйн бүтээлийн 92 хувь нь сонгуулийн тухай, үлдсэн наймхан хувь нь сонгогчдын боловсролд зориулсан агуулгатай байсан. 

Ихэвчлэн улс төрийн намуудын талаар, СЕХ-ноос түгээсэн цаг үеийн шинжтэй мэдээллүүд давамгайлж байв. Энэ нь сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх гол хүчин зүйл. Тиймээс сонгогчдын оролцоог дээшлүүлэхийн тулд нэгдүгээрт, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа мэдээлэлд хяналт тавих нь зүйтэй. Хоёрдугаарт, Сонгуулийн болон Улстөрийн намын тухай, Үндсэн хууль зэрэгт сонгогчдын идэвхийг дээшлүүлэх талаар зүйл, заалт тусгах нь чухал. Тухайлбал, идэвхгүй оролцсон хүмүүс, иргэдийн оролцоог нэмэх ажил хийгээгүй нэр дэвшигчдэд хариуцлага хүлээлгэх ч юм уу. Гуравдугаарт, улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулж, сонгогчдын боловсролд чиглэсэн хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй. Мөн засаг захиргааны бүх нэгж, шатанд сонгогчдын бүртгэл, судалгааг чанаржуулан, үүрэг, хариуцлагыг нь сануулж, зөв хандлага түгээх нь чухал.

СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ЯМАР ЧУХАЛ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Г.АМАРЖАРГАЛ (“Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн)

-Буруу мэдээлэлтэй, эсвэл мэдээлэлгүй хүмүүс нэгэндээ нөлөөлөх тохиолдол их. Тиймээс тэдний хандлагыг өөрчлөх нь чухал. Залуусын хандлагыг өөрчлөхгүй бол хойч үе, дүү нартаа буруу үлгэр дуурайл үзүүлнэ. Сонгуулийн ирц жилээс жилд буурч байгаа. Тиймээс иргэдийг, ялангуяа залуус, хойч үеийнхнийг идэвхжүүлэх нь чухал. Сонгуульд санал өгөх нь яагаад чухал талаар наад захын мэдлэг олгох хэрэгтэй. Энэ нь тийм ч хэцүү биш. Жишээ нь, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн уншихыг зааж өгч болно. Мөрийн хөтөлбөрүүдийг уншихад маш ойлгомжгүй байдаг. Гадаадын их, дээд сургуульд сургах чиглэлд дэмжиж ажиллана гэж мөрийн хөтөлбөртөө бичсэн нь танд таалагдаж болох ч хэзээ, хэрхэн гэдэг нь тодорхойгүй байвал тухайн нэр дэвшигчийг сонгох хэрэггүй. 

Ямар хуульд хэрхэн өөрчлөлт оруулах, амласнаа хэдэн сар, жилийн дотор биелүүлэх зэргийг нь харгалзан үзэх хэрэгтэй. Үүнийг хэлж өгөхөд залуус улс төрийн талаар сонирхож эхэлдэг. Өөрсдийнх нь амьдралтай улс төр яаж холбогддогийг энгийнээр тайлбарлахад л залуус сонгуульд идэвхтэй оролцох нь бий. Одоохондоо хамаагүй мэт боловч хэдхэн жилийн дараа хувийн бизнесээ эхлүүлэх, ажилд орох зэрэгт улстөрчдийн санаачилсан хууль ямар нэг байдлаар үйлчилнэ. Тиймээс ямар хүмүүсээр төр бариулахаа сонгох нь иргэдийн хувьд чухал. Ашиг хонжоо харсан, саналаа худалддаг хэдхэн хүний сонголтоор өөрсдийнхөө эрх ашгийг үгүй хийлгэж болохгүй. Залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд тэдний боловсролд анхаарч, зөв мэдээлэл түгээх хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)