З.Энхболд: Эрүүдэн шүүж байгаа бичлэгт гарч буй "баатруудад" эрүүгийн хэрэг үүсгэнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Шүүчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хэлэлцүүлгийн явцад гишүүд Үндсэн хууль зөрчиж байна хэмээн ярьсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг гишүүд биш цэц мэднэ. Би энэ үеэр Үндсэн хууль зөрчөөгүй талаар тайлбарласан. Томилгоо хийдэг эрх бүхий хүмүүст зөвлөмж хүргүүлж байгаа болохоос томилгоог нь ҮАБЗ хийж байгаа хэрэг огт биш.  Жишээлбэл, прокурорын тухай хуулийн огцруулдаг, чөлөөлдөг гурван заалт бий. Тэгэхээр ажлаа хийхгүй байгаа прокурорыг огцруулах асуудлыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч үүнийг хүлээж аваад зөвлөмж зөв байна гэж үзвэл УИХ-тай зөвшилцөлгүйгээр огцруулна. Дараагийн прокурорыг томилохдоо УИХ-д анкетыг нь авч орно.

Хоёрдугаарт, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт орсон. Эхнийх нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарснаар шүүгч авлига авсан, С.Зоригийн хэргийн залхаан цээрлүүлэлтэд оролцсон гэх мэт зүйлд сэжиглэгдэж байгаа бол тус зөвлөмжөөр түдгэлзүүлэх эсэх асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл шийднэ гэж заасан. Харин Ерөнхийлөгч шийдэхгүй.

Шинэ үндсэн хуулиас хойш 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагын хүн тамладаг юм зогсоогүй юм байна. Энэ нь ард иргэд хуулийн байгууллагад итгэх итгэлгүй болгож байна.  Цаашлаад хуулийн байгууллагад итгэхгүй байгаа учир төрд итгэхгүй. Төрийн нэр хүнд унаж байна. Төрийн нэр хүндийг цэвэрлэх ажил хуулийн байгууллагын авлига авдаг, хийх ёстой ажлаа хийдэггүй, эсвэл улс төрийн ажиллагаагаар хүнд ял тохдог хүмүүсээс салж байж эхэлнэ. Гэтэл шүүгч, прокурор бие биенээ хамгаалаад, энэ хоёр нь мөрдөн байцаагчаа хамгаалаад, чөтгөрийн тойрог үүсгэчихээд байна. Иймд аргагүйн эрхэнд ҮАБЗ энэ асуудалд оролцож байна. Муу нэртэй хүмүүсээс шүүх, прокурор, АТГ, цагдаа нь салах ёстой.

Ажлаас чөлөөлөх нь зөвхөн шалгах боломжийг олгож байгаа. Дараа нь тэднийг буруутай эсэхийг шүүх тогтооно.

АТГ руу шилжүүлэгдсэн Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг бичлэг нь цацагдаад байгаа Сагсай гэдэг хүн 10 жил удирдаж байсан. Тэрбээр 1-2 цагдаа л шийтгэсэн байсан. 10 жил хүний дарамтанд байсан хүн ажлаа шударга хийж чадах байсан уу.

АТГ-ын даргад өмнө нэр дэвшүүлсэн хоёр хүнээ татаж аваад, өөр хүний нэр өргөн барина. Тэд нөгөө хуулийн үед өргөн баригдсан байсан юм. 

Эрүүдэн шүүж байгаа видео бичлэгт гарч буй нэртэй устай бүх "баатрууд"-г тогтоогоод, эрүүдэн шүүсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд, бүх оролцогчдын гэм бурууг тогтоосны үндсэн дээр хэргийг шийднэ. Шинэ удирдлагыг томилсны дараа шийдвэрлэхгүй бол одоогийн удирдлагууд нь хийсэн зүйлээ үгүйсгээд байгаа нь хууль гарах үндэслэл болсон" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)