З.Энхболд тойргоо хүчээр “цэвэрлэж” байна уу?

76 мандатын төлөө 606 горилогч өрсөлдөж энэ жилийн сонгууль ширүүн болох төлөвтэй. 2020 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өчигдөр эхэлсэн. Гэвч сурталчилгаа эхлэхээс тэр ч бүү хэл мандат тараагдахаас өмнө өөрийнхөө тойргийг “зөөллөж”, “цэвэрлэхийн” төлөө зарим нэг улс төрчид нэр дэвшигчдийг горилогч биш “горьдогч” болгож байна гэх шүүмжлэл хүчтэй явж байна. Яригдаж буй улс төрч нь мэдээжийн хэрэг Улсын Их Хурлын сонгуульд 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй, ЕТГ-ын дарга асан Зандахүүгийн Энхболд.

Намаасаа нэр дэвших эрхийг Тулагтаас булааж олж авсан уу

Хэдий энэ жилийн хувьд харьцангуй олон бие даагчид хүчээ үзэж байгаа ч хоёр том намаас нэр дэвших эрхээ олж авна гэдэг нь эхний сонгууль магадгүй хамгийн том даваа гэдгийг хүн бүр мэднэ ээ. Намын дэмжлэг, систем, сонгуульд орж сурсан дадал, зарим дэмжигчдийн намын төлөөх итгэл үнэмшил гол нь сонгуулийн хууль онцгой давуу эрхийг хоёр том намын дэвшигчдэд олгодог. Тиймээс ч энэ визээ намын дарга нараасаа олж авахын тулд дэнчингээ мөнгөөр өгөх нэгэн байхад зарим нь хамаатан садангийнхаа нэр хүндийг “бартердана”. Гэтэл З.Энхболд дөрвөн жил тойргоо “усалсан” намын залуу нэр дэвшигчийнхээ тойргийг булаасан гэдэг яриа гарав.

НИТХ-ын төлөөлөгч, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгат нь судалгаагаар өндөр үнэлгээтэй явж байсан залуу улс төрч ба цахим хуудсандаа “З.Энхболд “хулгайч” хаанаас гэнэт гарч ирсэн гай вэ. “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ, тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Судалгаа харж байгаад хамгийн дулаан хэвтрийг онилж ирдэг.

Үндэсний хэмжээнд хэрүүл л хийж ирсэн байх. АН-ын үзэл баримтлал либерал ардчилал-баруун төвийн үзэл санаа хаана байна вэ. Энэ социалист, нацист нөхөр АН-ын үзэл санааг тээгээд явж чадах уу. Тийм, хулгайч. Гэтэж байгаад гэнэт мярааж гарч ирэх, боломж хулгайлагч” гэв.

2016 оны сонгуульд Баянгол дүүргийн 70-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцанд ялагдаж байсан З.Энхболд энэ жил тойргоо сольсон гэдгийг хэлэх нь илүүц биз. Энэ удаад өөрийн тойргоо хүчээр солин, тааруулж залуу өрсөлдөгчөө хассан бол энэ нь Ардчилсан намын сурталчилж буй ардчилал болон залуусаа дэмжих үзэл бодлын эсрэг дээрэлхүү үйлдэл болно. Мөн судалгаа сонгогчид хэнийг хүсэж байна гэдгийг биш аль тойрог илүү “зөөлхөн” идэш вэ гэдгийг харуулсан бололтой.

Тойргийнхоо хамгийн хүчтэй өрсөлдөгчийг “зайлуулсан” уу

З.Энхболдыг зөвхөн намаас нэр дэвших эрхээ “хулгайлаад” зогсоогүй өөрийг нь “амалж” авсан өрсөлдөгчөө дүрмийн бусаар “өвдөг шороодуулсан” гэх. З.Энхболд сонгогчдын саналыг асуулгүй “тавигддаг” албан тушаалаа хашихдаа өөрийг нь дөрвөн жилийн өмнө сонгоогүй сонгогчдынхоо итгэлийг олж авахуйц ажил хийгээгүй гэдэг дүгнэлтийг өөрөө өөртөө өгч тоглоомын дүрмийг өөрчилж байна гэдэг зүйлийг Л.Наранбаатар мөн хэлсэн юм аа.

З.Энхболдыг амлаж авч, УИХ-ын 22 дугаар тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшигч, эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг “Зөв хүн электронт хөдөлгөөний саналаас албан ёсоор татгалзсан атал Сонгуулийн ерөнхий хороо намайг хоёр газраас нэр дэвшсэн гэх шалтгаар өрсөлдөх боломжийг минь хууль бусаар хаалаа. Тус эвсэлд өргөдөл, анкет огт өгөөгүй. Хуралд нь ороогүй. Албан ёсоор “Сахигтун! Үндсэн хуулийн-19” эвслээс УИХ-ын 22 дугаар тойрог /Баянзүрх дүүрэг”-т З.Энхболдтой өрсөлдөхөөр нэр дэвшсэн. Шударга ёс хаана байна аа. Шүүхдэнэ” хэмээн бичсэн байна.

Тэрбээр Ардчилсан намаас нэр дэвших эрхээ хэрүүл маргаантай олж авсныхаа дараа тойргоо “бат араандаа хийхийн” тулд өөрийг нь “амлаж” авсан хамгийн хүчтэй өрсөлдөгчөө зайлуулж тойргоо улам “зөөллөж” байгаа гэлтэй. Тойрогт нь үлдсэн бусад нэр дэвшигчдийн хувь тавилан хэрхэхийг ажиглагчид анхааралтай харж байна. Нэг мэдсэн коммунизмын үеийг санагдуулж 22-р тойргийнхон ганц хүний нэрээс “сонголт” хийх болох вий дээ гэдэг тоглоом, шоглоом хүртэл сошиалаар явж байна.