З.Энхболд: ОУВС-тай гэрээ хийсэн Ч.Хүрэлбаатар өөрөө хариуцлагаа хүлээ. Ерөнхийлөгч гэрээ хийгээгүй

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар "Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай" хуулийн төслийг хэлэлцэж баталсан билээ. Энэ талаар анх ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулга нийтэд мэдээлсэн билээ.

Хуулийн төслийг баталсны дараа уг алхмыг ОУВС-тай хийсэн гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг тус сангаас мэдэгдсэн юм. Уг мэдэгдлийг ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газрын дарга "санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилгод нийцэхгүй байна" гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эл амлалт нь ДНБ-нд эзлэх өрийн хэмжээг 2 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй инфляци болон дотоодын төгрөгийн ханшид дарамт учруулна гээд засаглал, парламентын зохистой хяналтыг алдагдуулж байна хэмээсэн юм.

Тэгвэл уг асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Тэтгэврийн зээл тэглэсэн нь зөв. Харин Олон улсын валютын сантай гэрээ хийсэн Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч гэрээ хийгээгүй шүү дээ. Уг нь тус сантай гэрээ хийх шаардлагагүй байсан. Валютын сангийн үгэнд орж есөн татвар нэмсэн биз дээ. Өөрсдийнх нь л асуудал шүү дээ. ҮАБЗ-д ямар ч хамааралгүй.

ОУВС-гийн үгээр яваад эдийн засаг сайхан болдог бол болохоор боллоо. ОУВС амьдралгүй шийдвэр гаргадаг. Ардчилсан нам 2012-2016 оны хооронд ОУВС-гаас мөнгө аваагүй. Авахаар ийм "балай" шаардлага тавьдаг. Тийм учраас бид Чингис, Самурай бонд хоёр орчим тэрбумын зээл авсан. Зээл авахгүй бол болохгүй байсан. Хамаг түүхий эдийн үнэ унаад, хэдэн тэрбумын цоорхой үүссэн юм. Бид ОУВС-гүйгээр асуудлыг шийдээд болж л байсан.

Угаасаа түүхий эдийн үнэ өсчихсөн үед Валютын сан руу ордог нь буруу шүү дээ. Ч.Хүрэлбаатарын буруу. Ардын нам Ч.Хүрэлбаатарынхаа гаргасан буруу шийдвэрийг сонгуулийнхаа үр дүнгээр төлнө. Юм болгон төлөөстэй" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)