З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэгэн зээл тэглэх бодолгүй байгаа

Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны тайлангийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. Тэрбээр "Ипотекийн зээлийг буулгах асуудал дээр Ерөнхийлөгч ажиллах уу? Ямар байр суурьтай байгаа вэ. Мөн шагналын асуудлыг шийдэж өгөөч. 23 настай залуу Алтангадас одон авсан байхад 23 жил ажилласан хүн авч чадахгүй байна. Гуравдугаарт, Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амлаж байсан. Энэ амлалт нь хэвээрээ юу гэдэгт тодорхой хариулт өгөөч" гэсэн юм.

Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулахдаа "Бүх асуудал дээр хориг тавих бодолгүй байгаа. О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн амалсан гэж цуурхал тараахаа болих хэрэгтэй. АН Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлсний хувьд “Хэрэв сонгогдвол 3 их наяд орчим төгрөгийн зээлийг төлөх талаар ард түмэндээ туслаарай” хэмээн захиа, даалгавар өгсөн. Ерөнхийлөгчийн байр суруь одоо ч хэвээр байгаа. Үндсэн хуулийн 6.1-т заасан байгалийн баялгийн ногдол ашгаас энэхүү зээл төлөгдөх боломжтой. Гэхдээ иргэддээ ногдол ашиг хуваарилснаар зээлээ төлөх, эсвэл өөр зүйлд зарцуулах нь иргэдийн сонголт юм.

Иймд Ерөнхийлөгч өөр ямар нэгэн эх үүсвэрээр зээлийн төлбөр тэглэх бодолгүй байгаа. Эрх нь ч Үндсэн хуулиар олгогдоогүй.

Шагналын хувьд үргэлж маргаан дагуулдаг. Гишүүд шагналын өргөдөл хүлээж авахаа зогсоомоор юм билээ. Шагналын журамд УИХ-ын гишүүн шагналын өргөдөл хүлээн авна гэж заагаагүй. Тэтгэвэрт гарсан хүн бол орон нутгийнхаа засаг захиргаагаар, ажил хийж байгаа бол холбогдох салбарынхаа яаманд өргөдөл өгөх журамтай" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)