З.ТӨМӨРБААТАР: Метан хийг ашиглах хууль, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай

Монголын метан хийн холбооны тэргүүн З.Төмөрбаатартай ярилцлаа. ШУТИС-ийн хүндэт профессор, зөвлөх инженер тэрбээр Улаанбаатар хотын Политехникум, ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуульд суралцан, ил уурхайн иж бүрэн механикжуулалтын технологич инженер мэргэжлээр төгсжээ. 2006 оноос нүүрсний давхаргын метан хийг сонирхон судалж, Австралийн “Elixir energy”-гийн Монгол дахь охин компани “Golden horde”-д 2019 оноос зөвлөхөөр ажиллаж байна.

-Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийг хэр судалсан бэ?

-Манай улс нүүрсний баялгаараа дэлхийд эхний 10-т ордог. Чулуун нүүрсэнд агуулагдах метан хийн ихээхэн нөөц байх магадлалтай ч судалгаа үндсэндээ хийгээгүй. 2004 онд Канадын “Сторм кат энержи” компани Өмнөговьд судалгаа хийж эхэлсэн ч хууль, эрх зүйн орчин бүрхэг учраас гарсан. Австралийн “Golden horde” компани 2011 оноос манайд нүүрсний давхаргын метан хийг судалж, төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, өнгөрсөн жил бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг бас л залхааж байгаа биз, манай улс. Гадаадын хөрөнгө оруулагч манайд орж ирэхэд ингэж удсан шалтгаан нь нэгдүгээрт, уламжлалт бус байгалийн хийн анхны гэрээ байсан. Хоёрдугаарт, манайд уламжлалт байгалийн хий, уламжлалт бус байгалийн хийн эдийн засгийн үр өгөөж, өртөг зардлын зөрүүг харьцуулсан судалгаагүй. Зөвхөн уламжлалт байгалийн хийн жишгээр хуульд заасан, уламжлалт бус байгалийн хий буюу метан хий олборлох хууль, эрх зүйн зохицуулалт тодорхой бус учраас гэрээнд оролцогч талууд ойлголцоход ихээхэн хүндрэл, эргэлзээ гарч, цаг зарцуулсантай холбоотой.

-Тус компани 2019 оноос хойш ямар ажил хийсэн бол?

-Өмнөговь аймгийн “Номгон IX” талбайд өнгөрсөн жил гурван цооног өрөмдсөн. Энэ жил цар тахлаас шалтгаалж ажил багагүй удааширч байна. Хайгуулын үр дүн сайн гарсан. Одоогоор нөөцийн талаар ярих болоогүй.

-Хайгуул хийхэд тухайн орон нутгийн иргэд хэр хүлээж авав?

-Зарим хүн эсэргүүцсэн. Метан хий олборлоход хэдэн зуун метр ухаж нүүрс гаргаж, шороо овоолохгүй, зөвхөн түүнд агуулагдаж байгаа хийг л цооногоор соруулж авна. Цооног өрөмдсөний мөр л үлдэнэ. Үүнийг тайлбарлахад иргэд ойлгож байгаа. Орон нутгийнхан “Манайх ус муутай. Усгүй болчих юм биш биз дээ” гэдэг. Нүүрсний давхаргын метан хийг олборлохдоо цооног гаргаж, өрөмдөөд, яндан суулгаж, түүнийхээ гадуур маш өндөр даралттай цемент шахдаг. Ингэснээр цооногийн хана нурахгүй, бөглөрөхгүй. Хоёрдугаарт, газрын гадарга дээр байгаа ус доошоо орохгүй. Дараа нь газрын гадарга доош сууж эвдрэл үүсэх үү гэж асуух нь бий. Газрын гадаргад ямар ч эвдрэл үүсэхгүй.

-Та “Уур амьсгалын өөрчлөлт ба нүүрсний давхаргын метан хий ашиглах боломж” ном удахгүй хэвлүүлэх гэж байгаа гэсэн үү?

-Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хүний үйл ажиллагаа нөлөөлж буй гэдэгт эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд санал нэгдэж байгаа. XX зууны дунд үеэс аж үйлдвэрийн хөгжил эрчимжиж, байгалийн баялгийг ихээр ашиглаж эхэлсэн. Олон төрлийн баялаг олборлож буйгаас шалтгаалж газрын гадарга маш их эвдрэлд орж, мөнх цэвдэг, мөсөн голууд хайлж байна. Хоёрдугаарт, ус маш их бохирдлоо. Гуравдугаарт, газар хуурайшиж, гал түймрийн тоо нэмэгдсэн зэрэг нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Энэ бүхний гол эх үүсвэр нь хүлэмжийн хий. Уг хий нэмэгдэхэд нүүрс олборлох болон боловсруулахгүйгээр түлшинд хэрэглэж буй нь ихээхэн нөлөөлсөн. Нүүрс шатаахад нүүрсхүчлийн, метан, хүхэрлэг хий ялгардаг. Эдгээр нь агаар мандалд хуримтлагдан, дулаан үүсгээд озоны давхаргыг нимгэлдэг. Энэ нь дулаарал, цөлжилтөд нөлөөлж буй талаар тусгасан. Нүүрсний давхаргын метан хий ашиглах боломжийг гадаадын орнуудын туршлагад тулгуурлан, ялангуяа цэвэр эрчим хүчний эх үүсвэр болгон хөгжүүлэх тухай бичсэн.

-Манайд нэг тонн нүүрс олборлоход төдий хэмжээний метан хий ялгардаг гэсэн судалгаа бий юү?

-Энэ талаарх нарийвчилсан судалгааг манайд хийж байгаагүй. 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хийсэн судалгаагаар Монгол Улс 2014 оны байдлаар 34 483 тонн метан хий ялгаруулсан дүн бий. Энэ нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувь гэсэн үг. Хэдий энэ дүн бага мэт боловч нэг хүн, нэгж бүтээгдэхүүнд ногдох хэмжээгээр дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт. 2030 онд манай улсын метан хийн ялгарал жилд 67.6 мянган тонноос давах төлөвтэй. Үүнд үндсэн хоёр хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь боловсруулаагүй нүүрсний хэрэглээ. Манай улсын хэмжээнд нүүрсний 60 гаруй уурхайгаас 2019 онд 57.2 сая тонн нүүрс олборлосон байна. Үүнээс 47.5 сая тонныг нь борлуулснаас 36 саяыг нь экспортолсон дүн бий. Нүүрс олборлох, тээвэрлэх, хадгалах, түгээх гээд бүх явцад метан хий ялгарч байгаа. Хоёрдугаарт, малын амьсгалаас их хэмжээний метан хий ялгардаг. 2019 оны тооллогоор Монголын малын тоо 70 гаруй саяд хүрсэн. Гуравдугаарт, газар тариалангаас метан хий ялгардаг. Дөрөвдүгээрт, био бохирдол маш их байна. Хөдөө аж ахуйн мах, махан бүтээгдэхүүн, арьс, ширний үйлдвэрлэл, цэвэрлэх байгууламж зэрэг нь метан хий ялгаруулдаг. Эдгээрээс хамгийн ихийг нь нүүрснээс ялгаруулдаг тул хязгаарлах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд улс орнууд хүрсэн. Тиймээс ч 2015 онд Парист уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцсэн хурлын үеэр дэлхийн дулаарлыг хоёр хувиас дээш гаргаж болохгүй. Хэрэв үүнээс илүү гарвал дэлхий асар их өөрчлөгдөнө гэж дүгнэсэн шүү дээ. Метан хийн ялгарлыг багасгахын тулд нүүрс хэрэглэхээ больё гэж буй. Жишээ нь, ХБНГУ 2030 он гэхэд нүүрсний бүх уурхайгаа хаахаар төлөвлөсөн. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийялгаруулахгүй улс болно гэж зарласан. ОХУ, Европын Холбоо, Япон, АНУ зэрэг улс ч томоохон үүрэг хүлээсэн. Монгол Улс 2030 он гэхэд метан хийн ялгарлаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн шүү дээ.

-Энэ амлалтын биелэлт ямар байгаа бол?

-Үүнийг биелүүлэхэд төрөөс дэвшүүлсэн бодлого, хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга хэмжээ тодорхой биш байна. Метан хийг агаарт хаяхгүйгээр, хийн түлш болгон ашиглахад ямар ач холбогдолтой талаар цөөн жишээ дурдъя. 1000 шоо метр метан хий шатаахад сайн чанарын 1300-1500 тонн нүүрсний хэрэглээг хэмнэж болно. Хоёрдугаарт, нэг шоо метр метан хийгээр 3.1-3.3 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэл, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар 1971 онд бөмбөрцгийн эрчим хүчний 40 хувийг нүүрснээс гарган авч байжээ. Тэгвэл 2017 онд энэ тоо 27 хувь болтлоо буурсан бөгөөд цаашид ч багасах нь тодорхой. Харин хийн түлшний хэрэглээ тасралтгүй өсөж 1971 онд 12 орчим хувь байсан бол өдгөө 28 гаруйд хүрсэн, цаашид ч нэмэгдэхээр байна. Энэ нь дэлхий нийт цахилгаан үйлдвэрлэхэд нүүрс ашиглахаас татгалзаж байгааг харууллаа. Монгол Улсын хувьд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1416.6 МВт. Үүнээс салхин цахилгаан станц 11, нарны цахилгаан станц дөрөв, усан цахилгаан станц хоёр, дизель цахилгаан станцууд тав, ДЦС-ууд 78 хувийг нь бүрдүүлж байгаа дүн бий.

-Монгол Улсад метан хийн судалгааг цөөн тооны хувийн хэвшлийнхэн л хийж байна уу?

-Манайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа үндсэндээ хийгээгүйг дээр дурдсан. 2008 онд би ШУА-ийн Шинжлэх ухааны сангийн хөрөнгөөр Хархираа, Онгийн голын нүүрсний сав газрын нүүрсжилт, нүүрсний давхаргын метан хийн судалгааг Монголын туршлагатай геологичдын баг бүрдүүлэн гүйцэтгэж байв. Анх удаа учраас бидэнд хангалттай туршлага байгаагүй. Тайлангаа ШУА болон ЭХЯ-нд хүлээлгэн өгч байлаа. Бид тойм үнэлгээ хийгээд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг руу илгээж, мэргэжлийн зөвлөгөө, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлэхийг хүссэн. Тухайн үед тэд “Дутуу зүйл их ч боломжийн юм байна. Шинэ Делид болох метан хийн хөрөнгө оруулалтын олон улсын зөвлөгөөний үеэр Монгол Улсын талаар сурталчилъя. Та нар ирж илтгэл тавь” гэсэн. Бид мөнгөгүй учраас очиж чадаагүй. Гэхдээ бидний илгээсэн илтгэлийг ашиглан нүүрсний давхаргын метан хийн асар их нөөц байх боломжтой гэсэн мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэсний дараа “Коргаз”, Австралийн компаниуд манайд орж ирэн, зарим нь одоо ажиллаж байна.

-“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс метан” Тавантолгойн ордод нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой төслийг Австралийн “Жэйд метан”-тай хамтран хэрэгжүүлж буй. Одоогоор Монголд гадаадын хэдэн компани метан хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гурван компани бий. Дээр дурдсанчлан “Golden horde”, “Эрдэнэс метан”-аас гадна өөр бас нэг компани бий гэж дуулсан. Холбогдох хүсэлт гаргаж, судалгаа хийж буй өөр компаниуд ч бий юм билээ.

-Нүүрсний давхаргын метан хийтэй холбоотой хууль, эрх зүйн орчин манайд хэр хангалттай вэ. Газрын тосны тухай хуульд 2014 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байх аа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад компаниудад хүндрэл учирдаг гэж сонссон.

-Метан хий буюу уламжлалт бус байгалийн хий (нүүрсний давхаргын метан хий, занарын хий, био хий)-тэй холбоотой эрх зүйн орчин хангалтгүй. 2014 онд шинэчилсэн Газрын тосны тухай хуульд уламжлалт бус байгалийн хийн талаар зарим заалт оруулсан. Дараа нь уг хуулийг хэрэгжүүлэх журам боловсруулсан. Мөн 2018-2027 он хүртэл төрөөс газрын тосны талаар баримтлах бодлогыг УИХ баталлаа. Манай улс гадаад орнуудын туршлагыг судлах хэрэгтэй. Бусад орны туршлагаас харахад төрөөс уламжлалт бус байгалийн хийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчдын өрсөлдөөнийг бий болгох бизнесийн таатай нөхцөлийг тусгасан хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, богино хугацаанд амжилтад хүрсэн нь бий.

АНУ, Австрали, Энэтхэг, БНХАУ зэрэг орон нүүрсний давхаргын метан, байгалийн хийн эдийн засгийн үр өгөөжийг нарийн тооцсон байдаг. Уламжлалт байгалийн хийг олборлоход эдийн засгийн үр ашиг өндөртэй. Нэг цооногоос гарах бүтээгдэхүүний хэмжээ өндөр байдаг. Нүүрсний давхаргын метан хийн хувьд өөр. Энэ нь нүүрсний давхаргад шингэсэн, хүний нүдэнд харагдахгүй, маш жижиг микро ан цав, нүх, сүвэнд агуулагдаж байгаа хий юм. Түүнийг соруулахад өндөр зардалтай. Мөн ордуудын нүүрс харилцан адилгүй шинж чанартай. Иймээс метан хийн агууламж нь өөр өөр байдаг. Хийг нүүрснээс чөлөөтэй урсгаж гаргахын тулд нэмэлт ан цав үүсгэдэг. Энэ нь бас нэмэлт зардал болдог. Нүүрсэн дэх хий нь шилжилт хөдөлгөөн ихтэй байдаг. Үүний хөдөлгөөнийг хязгаарлаж, барьж байдаг зүйл нь нүүрсэн дэх ус юм. Усны гидро даралтын доор хий хадгалагдаж байдаг. Тэр усыг эхэлж “гаргана”, хадгална, цэвэршүүлнэ, шаардлагатай бол өөр газар түгээнэ. Эсвэл метан хийг олборлосны дараа эргүүлээд шахна. Өөрөөр хэлбэл, усны менежмент ихээхэн зардалтай. Үүнээс гадна нэг цооногоос хоногт олборлох хийн хэмжээ харьцангуй бага. АНУ-д нүүрсний давхаргын метан хийг анх ашиглахдаа улсаас татаас өгч байсан. 1980 оны Газрын түүхий тосны гэнэтийн ашгийн татварын тухай хуульдаа дэлхийн метан хий олборлодог орнуудад үлгэр дуурайл болсон татварын хөшүүргийг уламжлалт бус метан хийн дээр анх удаа бий болгосон. Нэг баррель түүхий тостой тэнцэхүйц метан хийнд гурван ам.долларын татаас өгсөн. Энэ нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр. БНХАУ 2008 оноос нэг шоо метр метан хий олборлоход 0.2 юанийн татаас олгосон. Үүнийгээ шинэчлээд одоо 0.3 юанийн татаас олгож буй. Тус улс 2020 он гэхэд 40 тэрбум шоо метр метан хий олборлоно гэсэн зорилт тавьсан. Одоогоор энэ талаарх тодорхой статистикийг хараагүй ч үүнээс давсан байх гэж боддог.

Гэтэл манайд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлосон уламжлалт бус байгалийн хийн 40-өөс доошгүй хувийг нь улс авна гэдэг. Дээр нь 10 гаруй төрлийн татвар бий. Иймээс гадаадын хөрөнгө оруулагчид үр ашгийн талаар эргэлздэг. Зүй нь манайх татаас өгдөггүй юм гэхэд уламжлалт байгалийн хийтэй уламжлалт бус хийг адил үзэж, бүтээгдэхүүн хуваахгүйгээр роялтийнхаа 10 хувийг авъя гэхэд аль аль талдаа ашигтайг бусад орны туршлага харуулдаг. Иймээс ч уул уурхайн үйлдвэрлэл сайн хөгжсөн АНУ, Австрали, Канадад бүтээгдэхүүн хуваах гэрээ шиг баримт бичиг үйлддэггүй. Ер нь манай улс дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, бизнесийн таатай нөхцөл бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар Газрын тосны тухай хуульд тусгах хэрэгтэй. Товчхондоо, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох нь энэ салбарын хөгжилд төрөөс үзүүлж буй томоохон дэмжлэг болох юм.

Манай улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал баталсан. Энэ бол манай улсын хөгжлийг тодорхойлох чухал баримт бичиг. Үүнд тулгуурласан, уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, тэдгээрийг тухайн бүс нутаг дахь нүүрсний давхаргын метан хий ашиглан хангаж, цэвэр эрчим хүч нийлүүлэхэд чиглүүлэх ёстой. Ганц Улаанбаатар биш, бүх төв суурин газар утаатай. Утааг арилгахын тулд метан хийг зайлшгүй ашиглах хэрэгтэй. Улмаар тухайн орон нутгийг эрчим хүчээр хангах бодлого баримтлах хэрэгтэй. Жишээлбэл, баруун бүсийг хөгжүүлэхийн тулд тэнд хийгээр ажилладаг цахилгаан станц барих шаардлагатай.

-Метан хийг ашиглан Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж зарим хүн ярьдаг.

-Боломж их бий. Өмнөговьд ганц Тавантолгойд ч бус, нүүрсний метан хийн ихээхэн нөөц бий. Гагцхүү түүнийг Улаанбаатар луу 600 гаруй км ган хоолойгоор татах шаардлагатай болно. Тэр хийг цэвэршүүлж, хатааж, шингэрүүлэхэд бас их зардалтай. Метан хийг нааш нь өндөр даралтаар “хөөх” том шахуургуудыг ажиллуулахад эрчим хүч шаардана гээд бодоход хийн үнэ өндөр байна. Харин Улаанбаатартай ойрхон метан хий хайх боломжтой. Гэхдээ хувийн компанууд судалгаагүй газар эрсдэл гаргаж хайхгүй л болов уу. Ямар ч судалгаа байхгүй учраас тэр. Тэгэхээр улсын төсвөөс Улаанбаатартай ойролцоо, нөөц байх боломжтой газруудад эхний удаагийн судалгаа хийж, үнэхээр метан хий байна гэвэл хөрөнгө оруулагчид орж ирнэ. Улаанбаатарыг чадахгүй юм гэхэд Налайхын ДЦС-ыг хийд шилжүүлэх боломжтой байсан. БНСУ-ын “Коргаз”-ынхан хөрөнгөө гаргаад, метан хийн хайгуул хийе, хаана өрөмдөх вэ гэхэд нь ажлын туршлагагүй хүмүүс хоёр, гурван газар заагаад өгчихсөн жишээ бий. Улмаар нүүрсийг нь авчихсан уурхайг өрөмдөж, төчнөөн тонн метан хий алдсан байна гээд л гараад явчих жишээтэй. Эндээс төрийн байгууллагуудад ажиллаж буй хүмүүсийн мэдлэг, туршлага ямар нь харагдана. УУХҮ-ийн сайд агсан Ц.Дашдоржид Налайхад метан хийн судалгаа хийхэд зориулж хөрөнгө гаргахыг хүсэхэд 500 сая төгрөг хуваарилж байсан юм. Тус яамнаас тендер зарласан. Гэхдээ хэзээ зарласан, хэчнээн компани оролцсон, хэн ялсан талаарх мэдээлэл нь байхгүй хоёр, гурван жил өнгөрсний дараа хайгуулын тайлан метангүй гэж дүгнэх жишээтэй. Ийм маягаар улсын хөрөнгийг үрэн таран хийдгийг цаашид таслан зогсоож, хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй.

-Уг хийг олборлоход ихээхэн ус хуримтлагддаг гэсэн. Түүнийг нүүрс баяжуулах үйлдвэрт ашиглаж болох байх, тийм үү.

-Тийм ээ. Цооног өрөмдөхөд их хэмжээний ус гарна. Ханбогд болон нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд гүний усыг биш, нүүрснээс ялгарсан усыг шаардлагатай бол цэвэршүүлэн ашиглах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)