З.Зидан эргэн ирлээ

Испанийн “Реал” (Мадрид) багийг удирдах хугацаандаа Ла лиг, Испанийн цом, клубүүдийн ДАШТ, Аваргуудын лиг зэрэг тэмцээнд түрүүлж, нийт есөн цомын эзэн болсон З.Зидан хуучин багтаа эргэн ирж буйгаа зарлалаа. Франц дасгалжуулагчийг танилцуулах ёслол өнгөрсөн мягмар гарагт болсон агаад энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад доорх хариулт өгчээ.

ЭРГЭН ИРЖ БУЙ ТАЛААРАА

-Өнөөдөр бид бүхний хувьд онцгой өдөр гэдгийг ойлгож байна. Эргэн ирж буйдаа би маш их баяртай байгаа. Үнэндээ би эндээс яваагүй, гэр маань Мадридад бий. “Реал”-ыг байх ёстой байранд нь авчрах ажлаа маргаашаас эхэлнэ. Энэ бол миний хувьд маш том үүрэг хариуцлага.

ЦААШДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Бидний өмнө 11 тоглолт бий. Улирлыг сайн өндөрлүүлж, ирэх тэмцээнд бэлтгэх нь чухал байна. Би өмнөх амжилтуудаа, мөн өнгөрсөн улирлын тааруу тоглолтуудыг ч мартаагүй. Баг маань Ла лигт түрүүлээгүй, цом хүртэж ч чадаагүй. Яах вэ, Аваргуудын лигт түрүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ би багийнхаа хүч, боломжийг мэдэж байгаа.

ЯАГААД “РЕАЛ”-ЫГ ОРХИВ

-Явах ёстой байсан учраас л би энэ багийг орхисон. Хоёр жил гаруйн хугацаанд бид бараг бүх тэмцээнд түрүүлсэн, тоглогчдод маань ч амралт хэрэгтэй байсан болов уу. Мэдэрч байгаа зүйлээ л хийх хэрэгтэй. Тэрхүү шийдвэр миний аминч үзлээс шалтгаалаагүй, би ажлаа орхих, эсэх талаар удаан бодсон.

Сүүлийн есөн сарыг Мадридад өнгөрүүлж, өөрийгөө сайн цэнэглэлээ. Одоо энэ агуу багийн хамтаар шинэ сорилтуудад бэлэн болсон.

БУСАД БАГИЙН ТУХАЙ

-Өөр багуудаас санал ирсэн ч “Реал”-аас өөр ямар ч багийг би дасгалжуулахыг хүсээгүй.

Ф.ПЕРЕС ХЭРХЭН ЯТГАВ

-Би ерөнхийлөгчийг маш их үнэлдэг. Дасгалжуулагчийн ажилдаа эргэн ирэхэд бэлэн гэдгээ ойлгосон учраас түүнийг утасдахад саналыг нь хүлээж авсан юм. “Эргэж ирээч” гэж тэр надад хэлсэн. Ингээд л би энд сууж байна даа. Үгүй гэж хэлж чадаагүй.

Өндөр амжилтад хүрсний дараа эрт орой хэзээ нэгэн цагт унах цаг ирнэ. Тэр нь энэ жил тохиолдлоо. “Реал”-ын тоглолтыг би хөндлөнгөөс харсан ч энэ багийн нэг хэсэг гэдгээ мэдэрч байлаа. Миний тоглогчид энэ улиралд тун тааруу тоглож байгаад их харамссан.

Мэдээж олон зүйл өөрчлөгдөнө. Би нэгэнт эргэж ирсэн болохоор ерөнхийлөгчтэй цуг суугаад багийн төлөө юу хийх ёстойгоо ярилцана.

Х.ЛОПЕТЕГИ, С.СОЛАРИ ХОЁРЫН ТАЛААР

-Би тэднийг зэмлэж чадахгүй, тэд баг, тоглогчдын төлөө чадах бүхнээ хийсэн. Гэвч ийм л юм боллоо. Энэ талаар одоо ярих хүсэл алга. Одоо бидний зорилго бол ирээдүйн талаар ярилцах.

К.РОНАЛДУ БОЛОН НАЙМАА

-Криштиану энэ багт эргэж ирэх, эсэх талаар өнөөдөр ярих боломжгүй. Биднийг 11 тоглолт хүлээж байна, цаашид юу болохыг харъя. К.Роналду бол “Реал”-ын түүхийн нэг хэсэг, шилдэг тоглогчдынх нь нэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ өнөөдөр тэр талаар ярихад тохиромжтой биш.

Түүний орон зайг нөхөхийн тулд “Реал” ямар тоглогчийг авах вэ гэж үү? Би одоогоор хэн гээч тоглогчийг авах талаар бодож амжаагүй байна. Хамгийн гол нь би багтаа эргэж ирлээ. Улирлын үлдсэн тоглолтуудад бүх анхаарлаа хандуулна. Ирэх улирлын талаар төлөвлөж, ямар солилцоо, наймаа хийх талаар бодох цаг ирэх нь гарцаагүй.

“РЕАЛ”-ЫН ТУХАЙ ЮУ ӨГҮҮЛЭВ

-Дасгалжуулагчаар ажиллана гэдэг нэг хэрэг, харин “Реал”-ыг дасгалжуулна гэдэг тэс өөр асуудал. Энэ баг хөлбөмбөгийн ертөнцөд чухал байр суурь эзэлдэг учраас “Реал”-ыг дасгалжуулахдаа их олон хүчин зүйлийг тооцож ажиллах ёстой. Дасгалжуулагч хүн бүхний талаар бодолцох ёстой. Энэ албыг өмнө нь хашиж байсан учраас би ингэж ярьж байгаа юм. Харин одоо тэр бүхнийг ахин мэдрэхийг хүссэн учраас өнөөдөр би энд сууж байна.

Ийнхүү “Эзэн хааны баг”-ийн ерөнхийлөгч Ф.Перес хоёр ч удаа утас цохисны эцэст З.Зиданыг эргүүлэн авчирлаа. Түүнтэй 2022 оны зургадугаар сарын 30 хүртэл, нэг жилийн 16 сая орчим еврогийн цалинтай гэрээ байгуулсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Тэрбээр гол тоглогч, лидер К.Роналду нь явсан боловч өмнө нь удирдаж байснаас нь бараг өөрчлөгдөөгүй багийг хүлээж авлаа. С.Рамос, Л.Модрич, Г.Бэйл, Марсело нарын гол тоглогч хөгширч, Иско “мартагдаж”, Т.Куртуа хэмээх шинэ хаалгачтай болсон нь түүнийг эзгүй хойгуур “Реал”-д гарсан гол өөрчлөлт юм.

Цаашид З.Зидан “Реал”-ыг өөд нь татахын тулд юу хийхийг хөлбөмбөгийн ертөнц анхааралтай ажиглах болно.

“РЕАЛ”-Д ЭРГЭЖ ИРСЭН 10 ДАХЬ ДАСГАЛЖУУЛАГЧ

Тус багийг удирдаж байгаад эргэж ирсэн 10 дахь дасгалжуулагч нь З.Зидан боллоо. Түүний өмнөх дасгалжуулагчид ямар амжилт үзүүлж байсныг сонирхъё.

Дасгалжуулагч

Ажилласан жил

Цом

Ажилласан жил

Цом

Хасинто Кинкосес

1945-1946

1

1947-1948

0

Бальтасар Альбенис

1946-1947

0

1950-1951

1

Мигель Муньос

1959

0

1960-1974

14

Луис Моловни

1974

1

1977-1979, 1982, 1985-1986

6

Альфредо Ди Стефано

1982-1984

1

1990-1991

1

Лео Бенхаккер

1986-1989

4

1992

0

Жон Тошак

1989-1990

1

1999

0

Висенте дель Боске

1994

0

1999-2003

7

Фабио Капелло

1996-1997

1

2006-2007

1

Зинедин Зидан

2016-2018

9

2019-?

?


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)