З.Баянсэлэнгийн хэргийг Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыхтай нэгтгэжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн байсан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлон 10.00 цагт хурлыг эхлүүлсэн юм. Гэвч З.Баянсэлэнгэ өмгөөлөгчийнхөө хамт тус шүүхийн шүүгч Б.Халиунаас татгалзаж, улмаар 13.30 цаг хүртэл хойшлуулсан. Дээрх шүүхийн ерөнхий шүүгч нь З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр болох үед тэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй хэмээжээ. Ингэснээр тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөл хуралдах хүртэл хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Уг нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцэн шийдвэрлэж ял шийтгэсэн ч Дээд шүүхээс хэргийг нь дахин шалгуулахаар буцаасан юм. Улмаар М.Болортуяагийн өөр нэг үйлдэл нь Төрийн банкны захирлуудын хэрэгтэй холбогдсон учраас тагнуулын байгууллагад маш нууц байдалд шалгасан Д.Баярсайхан нарт холбогдох үйлдэлтэй нэгтгэн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн аж. Тус банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг 2016-2017 онд банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон.

Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч дээрх компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгасан юм. Мөн Төрийн банканд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт нь багтсан тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан байдаг. Эдгээр хэргийг нэгтгэн НПГ-ын хоёр ч прокурор яллах дүгнэлт үйлдсэн аж. Дээр нэр дурдсан таван хүнээс гадна яллагдагчаар Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар болон “Шинжан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чин нарыг татаад буй юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)