Зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. Өнөөдөр 09.00 цагаас 20.00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн хайрцгаар буюу тодорхой шалтгааны улмаас сонгогчийн байгаа газарт очиж, саналыг нь авах юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63.1-т заасанчлан эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, зөрчлийн улмаас баривчлагдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчоос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах ёстой. Ийм хэлбэрээр санал өгөх хүсэлтээ сонгогч шат шатны сонгуулийн байгууллагад гаргахаар хуульчилсан. Зөөврийн хайрцгаар саналыг нь авах хэчнээн сонгогч байгаа талаарх мэдээлэл, нэрийн жагсаалтыг өнгөрсөн бямба гарагт эцэслэх учиртай ч Сонгуулийн ерөнхий хороо үүнийг нэгтгээгүй, хэдэн хүн байгааг хэлэх боломжгүй хэмээж байлаа. Энэ удаагийн сонгууль цар тахлын үед болж буй тул тусгаарлах байранд ажиглалтад байгаа сонгогчдоос саналыг нь авахгүй. Өчигдрийн байдлаар 21 хоногийн ажиглалтад 2100 гаруй хүн бий. Харин гэртээ буюу 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж буй сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх боломжтой. Түүнчлэн тусгаарлах байруудад ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагынхан санал өгөх байранд өөрийн биеэр ирж, сонгох эрхээ эдлэх эрх нь нээлттэй билээ. Түүнчлэн энэ удаа сонгуулийн тогтолцооноос шалтгаалан гадаад байгаа иргэдээс саналыг нь авахгүй.

Урьдчилан бэлтгэсэн санал авах байр биш ч гэлээ тухайн сонгогчийн оршин байгаа газрыг саналаа хараат бусаар, аюулгүй өгөх боломжоор хангах нь сонгуулийн байгууллагын үүрэг. Тухайлбал, сонгуулийг зохион байгуулж буй төрийн байгууллагуудаас гадна оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл бүхий хоёроос доошгүй ажиглагч байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан байна.

Ажиглагч нарт үнэмлэхийг нь өчигдөр олгож дууссан бөгөөд хэдэн хүн сонгуулийг ажиглах нь бас л тодорхой болоогүй гэв. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд дөрөв, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд хоёр хүртэл ажиглагч томилж ажиллуулах эрхтэй. Мөн гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсын иргэн сонгуулийг ажиглах эрхтэй ч хөл хорионы улмаас хилийн чанадаас ажиглагч оролцох боломж бүрдсэнгүй. Өнгөрсөн сонгуулиар гэхэд л 43 орон болон олон улсын байгууллагын 436 ажиглагч оролцсон юм. Тиймээс дотоодын ажиглагч нарын үүрэг, оролцоо, хариуцлага илүүтэй нэмэгдэж байгаа гэж хэлж болно. Гэхдээ Монгол Улсад суугаа олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газраас ажиглагч оролцуулах боломжтойг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байлаа.