“Зөрчил гаргасан бол торгуулиас нэг удаа чөлөөлөх зохицуулалт нэмж тусгасан”

 УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Зөвлөмж, шаардлага хүргүүлэх замаар иргэн, аж ахуйн нэгжид алдаагаа засах боломжийг энэ хуулиар олгох юм байна. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоо, бүтцийг хөндөөгүй төдийгүй улам бэхжүүлсэн гэнэ. Уг хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн, Зөрчил хянан шийдвэрлэх тухай зэрэг 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Зөрчлийн тухай хуулийг 2017 онд хэлэлцэж, батлах үед “Эхлээд сануул, дараа нь торго” гэсэн зарчмыг тусгах шаардлагатайг тэрбээр сануулж байсан ч гишүүдийн олонх хүлээж аваагүй аж. Тиймээс Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Зөрчлийн тухай хуульд “Эхлээд сануул, дараа нь торго” гэдэг саналаа тусгуулахаар болжээ. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн зорилт нь төрийн хяналт, шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны байгууллагын хяналт, шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж.

Ж.Ганбаатар гишүүн “Иргэнийг 10 мянгаас таван сая хүртэл, хуулийн этгээдийг 100 мянгаас 50 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар заасан, 590 гаруй төрлийн зөрчлийг анх удаа үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг шийтгэлээс нэг удаа чөлөөлөх зохицуулалт хуульд нэмж тусгасан” гэдгээ онцоллоо.

Бэлтгэсэн: Г.Жавхлан 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)