Зөн билгийн тулааны ялагч Т.Заманд:Хүний амьдралыг байгаль надад толинд харж байгаа мэт хэлдэг

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ялагч, "Монголын шилдэг зөн билэгтэн"-ээр тодорсон, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, удган Т.Замандыг "Хүмүүс" буланд урьж ярилцлаа.

 -NTV телевизээр "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг гарч эхэлсэн цагаас үзэгчид таныг их дэмжсэн шүү?

-Миний хувьд энэ жил аз хийморьтой байлаа. Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Эмээ минь удган хүн байсан. Буян заяаг нь үе дамжин өвлөж, өнөөг хүртэл өөдрөг яваадаа баярлаж залбирдаг. "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт оролцож, авьяас билгээрээ өрсөлдөн түрүүлсэндээ сэтгэл өндөр байна.

 

-АСА циркт болсон сүүлийн шалгаруулалтын тэмцээнд та түрүүлж, Дэлхийн зөн билэгтнүүдийн тэмцээнд оролцох эрх авсан. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Тэр агшныг үгээр илэрхийлэхэд ч багадмаар.Сүүлчийн шалгаруулалтын тэмцээнд оролцохдоо хоёр номерын сугалаа татахад 10 гаруй жилийн өмнө Зүүн хараагаас ирж, надаар нэр хайрлуулж байсан ихэр охид тайзан дээр гарч ирээд цэцэг өгөхөд их бэлгэшээлтэй санагдсан. АСА циркийн танхимд тулааныг үзэхээр ирсэн үзэгчид "Заманд, Заманд" хэмээн дэмжиж байгааг сонсох тэр мөч үнэхээр сайхан байлаа.

-Дэлхийн зөн билэгчдийн тулаанд та оролцоно. Шинэ оныг гадаадад угтах нь дээ?

-Тийм ээ. Арван хоёрдугаар сарын 30-нд тулаан Америкт    болно.

Энэ тулаанд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна. Монголын ард түмэн надад итгэл, урам дэм, эрч хүч хайрласан шүү дээ.

-Азийнхан Европын зөн билэгчдээс чадал ,авьяасаараа илүү байж чаддаг уу?

-Би дэлхийн хэд хэдэн оронд хөл тавин гадаадын олон хүнтэй уулзаж, ярилцсан. Азийн зөн билэгчдийн авьяас, чадвар чамлахааргүй сайн. Бидний үзэж буй мэргэ, засал, уншлага илүү байдаг. Тухайн хүнийг үзээд амьдралд нь тохиолдсон таатай, таагүй зүйлийг нэг бүрчлэн хэлэхэд гаднынхан их гайхдаг. Итгээд бүр сүсэглэдэг. Монголчуудын зөн билэг Европчуудынхаас өөр. Тэнгэр лустай харилцаж, уул ,ус, булаг рашаанаа дээдэлдэг.

Тухайлбал бурхан болсон хүнээ манайхан ёс заншлынхаа дагуу хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлэн, сайн төрөл олоосой хэмээн залбирч, буяныг бодож ном уншуулдаг. Монголчууд ёс заншил, шашин шүтлэгээрээ бусдаас давуу. Орос, Америкийн зөн билэгчдийн тулааныг үзэж байхад бүх зүйл хиймэл, цаанаас  нь зохион  байгуулж  бэлдсэн байдаг. Тэгвэл бид тэдэн шиг тансаг байранд байрлаж, сайхан зоог хүртэн, тухлах боломж муутай.

Үнэнийг өгүүлэхэд бор зүрхээрээ өөрсдийн жинхэнэ авьяас билэг, хүч чадал, мэдлэгээрээ өрсөлддөг. Би Америкийн зөн билгийн тулаанд оролцсон нэгэн зөн билэгчийн эгчтэй нь уулзахад "Монголын зөн билгийн тулаан надад таалагдсан.

Дөрвөн орой дараалан танай нэвтрүүлгийг үзээд Монголчууд зөн билгээрээ ямар мундаг юм бэ гэж гайхаж биширсэн" хэмээн хэлж байсан.

-Өөртөө зөн билэг байна гэдгийг хэзээ мэдэрсэн бэ?

-Эмээ, ээж хоёр намайг зөн билэгтэй хүүхэд гэдгийг багаас минь гадарласан байсан. Намайг эх барьж авсан ээж мундаг хүн байлаа. Өмнө нь ямар нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө би нэрийг нь огт дурдаж байгаагүй. Одоо хорвоод байхгүй ч маани, тарни уншаад нэрийг нь хэлье.

Миний боосон ээжийг Найдан гэдэг. Эмч мэргэжилтэй байсан юм. Ээжид "Чамаас ер бусын хүүхэд төрнө. Хүү төрвөл дэлхий дэлгэрсэн хүү гарна. Охин төрвөл чиний алгыг дээш харуулсан мундаг охин төрнө" гэж хэлсэн гэдэг.

Ээжийг төрөх дөхчихсөн байхад сахиж суусаар эх барьж авч, надад "Заманд" хэмээх нэр хайрлан, "За, энэ охин жирийн нэг хүүхэд биш шүү. Нэрийг нь дааж, хайрлаж яваарай" гэж захиж хэлсэн гэдэг.

-Тухайн хүний амьдралд тохиолдсон сайн муу зүйл нүдэнд чинь харагддаг уу?

-Хэн нэгэн хүнийг үзэж байхад амьдралд нь тохиолдсон саад, бэрхшээл, сайн муу үйл, зовж, жаргах тавилан, уул хангай, ус савдагтайгаа хэрхэн холбогдож, ямар од эрхэст байрлаж байгаа нь хүртэл чулуунд буудаг. Төрөл садных нь хүн бурхан болсон, хойд төрлийг олох буяныг нь дутуу үйлдсэн, эсвэл харш жилтэй, махбодь нь таарахгүй хүн биед нь хүрсэн гээд олон зүйл чулуунд буудаг л даа.

Чулуугаар үзэхэд тухайн хүний нэр, төрсөн он, cap нь надад хэрэг болдог. Үзчихээд амьдралд нь тохиолдож байгаа бүх зүйлийг хэлэхэд уйлдаг ч, бас баярладаг ч хүн байдаг. Би хүн тус бүрт заслыг нь хийж өгдөг. Өдөрт 12 хүн үздэг.

Гурван хүнээс дээш хүнд даллага өгдөггүй. Хэрвээ миний хүч хүрэхгүй бол яана, хэн нэгэн хүнийг гомдоочихвий гэж эмээдэг. Хүний төлөө сайн үйл хийхээр зорьсон бол түүнийхээ төлөө өөрийн бүх бололцоо, авьяас билэг, чадвараа зориулах ёстой.

-Та 41 чулуугаар мэргэлдэг биз. Чулууны мэргийг үнэнд ойр буудаг гэж ярьдаг юм билээ?

-Чулууны мэргэ үнэн буудаг. Төөрөлдөж байгаагүй. Намайг онгирч байна гэж битгий бодоорой. Миний чулуунууд Монголдоо төдийгүй дэлхийд алдартай. Чулуу бүр өөр өөрийн гэсэн онгодтой.

Одоогийн тасалж байгаа чулуугаа Австри, Польш Герман орноос цуглуулсан. 38 дахь чулуугаа авч байхдаа "Миний цуглуулсан чулуу надад хэзээ нэгэн цагт ивээл буянаа өгнө" гэж бодож байлаа. Нээрээ л бодож байснаар минь амьдрал дээр хэрэгжсэн шүү.

- Мэргэлдэг хүмүүс чулуугаа ихэвчлэн энерги шингэсэн газраас олж авдаг гэсэн байх аа?

-Тийм шүү. Нададтөрсөн нутаг, тоглож өссөн газар, Тэсийн голын минь есөн чулуу бий. Би үйл хэргээ үргэлжлүүлэхийн тулд одоо татаж буй чулуунаасаа гадна 41 чулуухоёрыголохбодолтой байгаа. Гурван 41 чулууг нийлүүлж үзэх санаатай.

-Чулууны мэргэ бусад мэргээс өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг гэдэг дээ?

-Дал, хөзөр, чулуу, зоос зураг эвлүүлэх гээд мэргэ болгон өөрийн гэсэн онцлогтой, тайлж унших хэлтэй. Дэлхийн содон хүмүүсийн чуулганд оролцож байхад Израйль улсын Еврей хүн зураг эвлүүлж, гайхамшигтай мундаг мэргэлж байсан.

 Аливаа мэргийг сайн ойлгоод, тайлж унших хэрэгтэй. Чулуу үнэнд хамгийн ойр мэргэ гэдэг нь дэлхийд батлагдсан. Чулууныхаа мэргэнд би итгэдэг. Олон жил найдаж ирсэн болохоор буян хишгээ харамгүй хайрласан. Одоо ч хайрлаж л байна.

- Ажигл аад харж байхад чулуу татаж буй хүмүүс байгаль дэлхий, од гариг, эрхэстэй холбогдож, мэргийнхээ гол учгийг тайлж уншдаг шиг санагдсан?

-Чулууны мэргэнд тухайн хүний амьдрал, зовлон, жаргал бүгд буудаг. Бүгдийг нь үнэнээр нь хэлж өгдөг. Хүмүүс таны хэлсэн зүйл нээрээ биелсэн шүү гээд дараа нь хэлдэг л юм. Юм бүхэн учиртай. Чулуу таслахыг хараад хүмүүс амархан зүйл гэж боддог байх.

Тийм биш шүү дээ. Байгаль дэлхийн энерги чулуунд шингэсэн байдаг. Од гариг, эрхэстэй байгалийн энергиэр холбогдон, хэлийг нь тайлж уншдаг юм. Хүнд байгалиас заяадаг зөн совин, авьяас гэж бий. Мэргэнд сайн, саар ч зүйл бий.

Түүнийг дутуу сурч хэзээ ч болохгүй, гай дагуулна. Би гурван зүйлийг их дээдэлдэг. Миний тахилга ус, гал, тос. Хувь заяа тоглоом биш шүү дээ. Үзүүлж харуулах хүнээ сайн судлах хэрэгтэй. Байгаль ээж өөрөө зөн билэгтэй хүнийг төрүүлдэг. Тийм томилолт авч ирсэн хүнийг даган дуурайж, эрдмээс нь дутуу суралцвал аюултай.

 

-Хүнд зовлон нүүрлэх гээд байгааг өөрт нь шууд хэлэх танд хэцүү санагддаг биз?

-Тийм ээ, амаргүй. Хүн сэтгэлээрээ амьдардаг. Үг гэдэг хүчтэй. Хүнийг унагаж, бас сэхээж ч чаддаг увдистай. Би бие болоод сэтгэлзүйн асуудлыг аль аль талаас нь бодож байж, үгээ хэлдэг.

Ямар ч өвчнийг аргалах. аврах арга анагаах ухаан, шашинд ч бий. Болж. бүтэхгүй зүйл гэж энэ хорвоод байдаггүй юм. Хүнийг эмчилж, эдгээж болно. Харин сэтгэлээр унагаж, үхэлд ойртуулах үг бүү хэлж байгаарай. Үгээр урам хайрлаж, амьдрах итгэл төрүүлнэ гэдэг сайхан.

-ХөвсгөлийнУлаан-Уул, Баянзүрх, Ренчинлхүмбэ суманд нисдэг долоон бөө байсан гэх домог яриа байдаг. Та энэ талаар хэр судалсан бэ?

-Ийм домог яриа одоо ч Хөвсгөл нутгийнхны дунд яригддаг. Бөөгийн гайхалтай эрдэм ухаан, чадалтай удган, зайран энэ нутагт байсан гэдэг юм билээ. Хөвсгөлийнх гэхээр хүмүүс жийрхдэг тал бий. Энэ нутагт төрсөн хүмүүс бөө, удган, хараал хийдэг улс биш ээ.

Хүмүүс ээ, Хөвсгөл нутгийн зон олноос битгий айгаарай. Хөвсгөлчүүд нөхөрсөг зантай. Идээ ундаа элбэгтэй, ирсэн зочдоо дотноор угтдаг сайхан заншил энэ нутгийн олонд бий. Бөө, удган гээд хүний амьдралаас хол тасархай биш ээ.

Бусадтай л адилхан уйлна, инээнэ, зовж, жаргана. Бөө, удган дотроо хар, шар, улаан гэсэн гурван янз байдаг. Миний төрж, өссөн нутаг өндөр уул, хад асга ихтэй газар. Байгаль нь сайхан ч догшин. Уул ус, амьдарч буй газраасаа хамаараад энэ нутгийн хүмүүс чадалтай, авьяастай төрдөг гэж боддог.

-Та нутгаа зорьж энерги авдаг уу?

-Би жил бүр нутгаа зорьж, арванхоёрдугаар сарын 22-ноос хойш далай ээж дээр очин, хүйтний суурь тайлдаг. Хүйтний суурь тайлах нь өөрт байгаа муу энергиэ гадагшлуулна гэсэн үг. Цэв цэлгэр толь шиг мөсөн дээр нүцгэн сууж, хөрвөөдөг юм. Би саяхан нутгаа зорьж, уул ,уснаасаа эрч хүч, энерги аваад ирсэн.

-Таны чулуунд бар жилийн онцлог, өнгө төрх, төлөв байдал хэрхэн бууж байх юм бэ?

-2010 он хүмүүст үр, өгөөжөө өгсөн сайхан жил болно. Бар жилд аюул осол, гай зовлон нүүрлэх нь харыдангуй бага. Харин 25, 37, 49 гээд жил орж буй эмэгтэйчүүдэд хүндэвтэр, бие тулгар бүсгүйчүүдэд бага зэрэг ширүүн байх магадлалтай.

Монголчууд эрт дээр үеэс бар жилд хүүхэд төрүүлэхийг төдийлөн таашаадаггүй байсан. Учир нь төрсөн хүүхэд нь бие ороомтгой, өвчинд нэрвэгдэмтгий, хувь тавилан нь хатуу, хүнд бэрх зам туулдаг гэж үздэг. Тийм болохоор эмэгтэй хүүхдийг аль болох зөөлөн жилд төрүүлэхийг бодолццог байсан.

Бар жилтэй бүсгүй хүн зовлон зүдгүүр эдлэх нь их, хань ижил нь тогтворгүй гээд цэрвэдэг уламжлал одоо ч байсаар байна.

-Та болох гэж буй үйл явдлыг зүүдэндээ хардаг уу?

-Миний зүүд зөнтэй байдаг. Ямар нэгэн сайн, муу үйл өрнөх гэж байгааг мэдэрдэг. Чулуу татаад үзэж байхад тухайн хүний амьдралд болсон үйл явдлыг байгаль цаанаас нь надад толинд харж байгаа мэт хэлж өгдөг.

-Таныг үнэхээр хэлж, мэддэг болов уу гээд танадаж, мэдэхээр хүмүүс ирж байв уу?

-Танадаж ирсэн хүн андашгүй мэдэгддэг. Нэг орой 10 гаруй хүн үзүүлэх гээд ирлээ. Өмнө нь харж байгаагүй, зүс танихгүй хүмүүс байсан. Тэднээс эхний хоёрыг нь үзээд л намайг хэр юм мэддэг хүн бэ гэдгийг танадахаар ирснийг мэдсэн.

Тэгээд үзэхээ зогсоож, үлдсэн хүмүүсийг нь оруулж ирээд үнэнийг нь шууд хэлсэн. Тэгсэн нэг нэгнээ нудраад, инээлдээд байсан. Дараа нь тэд учраа хэлсэн л дээ. "Зөн билгийн тулаан" нэвтрүүлэгт оролцож байгаа хүн болгон дээр хоёр нь хоёроороо, гурван нь гурваараа очиж, танадаж, мэдэхээр үзүүлсэн байсан.

-Нүгэл гэж юу байдаг юм бэ. Хүмүүс муу юм хийсэн бүхнээ үүнд хамааруулаад байдаг?

-Арван хар нүглийг үйлдэх муу ёр. Хүнд муу санан, атаархаж, хорлох сэтгэл өвөрлөж явах худал хэлэх, нэр төрийг нь гутаах, удам угсаагаар нь доромжлох нүгэл. Энэ бүгдээс би их цээрлэж явдаг. Монголчууд "Хараал хар толгой дээр бууна" гэж ярьдаг.

Хүнийг зүхэж, хараасан хүн хойт төрөлдөө хэн ч өөрийг нь тоохгүй, хэлсэн үг нь хүнд хүрдэггүй, хов живч, бусдад үл тоогдсон хүн болж төрдөг гэдэг. Нүгэл сэтгэлд байдаг. Муу сэтгэлээс гарч буй үйл бүхэн нүгэл. Муухай харах, билгэгүй үг хэлэх, сайхан сэтгэлийг гомдоох нүгэл болдог. Сэтгэл санаа зөв явбал үйл хэрэг зөв бүтнэ. Муу сэтгэл төрөх тусам нүгэл хилэнцийг өдөөж байдаг. Оюун санаагаа гэгээрүүлж, ариусгах хэрэгтэй.

-Одоо хоёулаа энгийн яриа өрнүүлье. "Киви" хамтлагийн дуучин Ука таны охин гэл үү?

-Манайх зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгдээрээ авьяастай. Ука маань хүүхэд байхаасаа л адтай сэргэлэн охин байлаа. Жинхэнэ нэр нь Уламбаяр. Сэтгэлийн хөдөлгөөн, догдлол ихтэй, дуулна, бүжиглэнэ. Эгч, дүү нартаа их хайртай.

Үеийнхээ нөхдийг ялгалгүй бүгдтэй нь сайхан харилцдаг. Цаг хугацаатай уралдаж, бүхнийг амжуулна гээд зүтгэчихдэг шаргуу, ажилсаг зантай. Гэртээ зүгээр сууж байхыг нь би ер хараагүй. Студид дуу бичүүлнэ, клипний зураг авахуулна, тоглолтын бэлтгэл, бүжгийн давталт гээд завгүй гүйнэ. Ээж охин хоёр заримдаа уулзалдах ч завгүй утсаар ярих тохиолдол бий.

Тоглолтыг нь тухтай үзэж байсан үе надад тун ховор. Охиноо хамтлагийнхантайгаа Англи руу аялан тоглолтоор явах гэж байхад би Япон руу явах ажилтай болчихоод хоёулаа нисэх буудал дээр тааралдаж, танил хүмүүс шиг яаруу сандруу мэнд усаа мэдэлцээд, хоёр өөр улсыг зорьж байлаа.

-Таван жилийн ойн тоглолтыг нь үзсэн биз дээ,

Та?

-Охиныхоо тоглолтын өмнөх өдөр Монголын зөн билэгтнээр тодорсон болохоор баяртай байлаа. Заавал урилгаар үзэх ёстой биш дээ, үзэгчид шиг үзье гэж бодоод хоёр билет худалдаж авсан. Тэгтэл миний суудал тайзнаас хол байлаа.

Хүмүүс намайг таниад баяр хүргээд, цэцэг өгөөд л байв. Миний яг урд дугуй жижигхэн тайз засчихсан байсан. Удалгүй тоглолт ч эхэллээ. Тэр өдөр тоглолтын танхим хүйтэн байсан. Хүйтэн тайзан дээр нимгэн хувцастай дуулаад, бүжиглэж байгаа охиноо хараад бахархаж, бас өрөвдөж суусан. Тэгтэл охин минь үзэгчдийн дундуур дуулж явсаар өнөөх зассан жижиг тайзнаа гарч, миний өмнө   "Ээж тандаа хайртай шүү. Тантайгаа үүрд мөнх хамт" гэсэн үгтэй дуу дуулсан.

Тухайн үед баярласандаа болоод дууных нь үгийг сайн сонсож амжаагүй. Үзэгчдийн уухай, халуун алга ташилттай сайхан тоглолт болж өндөрлөсөн. Охин минь багаасаа дуучин болно гэж мөрөөддөг байлаа.

Би хүслийг нь хориогүй ээ. Мөрөөдөлдөө хүрч урлагийн зам сонгон, өөдрөг яваад нь баярладаг.

-Жаргал гэгч яг юу юм бэ дээ. Хүн хорвоод төрөөд, буцах хүртлээ жаргаж чаддаг болов уу?

-Бүсгүй хүнийг аав ээж, хань ижил, үр хүүхэд гэсэн гурван заяа дагаж байдаг юм гэнэ билээ. Энэ гурав бүрдвэл жаргал болдог гэдэг. Өргүй, сэтгэлийн зовлонгүй, тайван амьдарч байгаа бол бас нэгэн жаргал. Миний хувьд сэтгэлийн жаргалыг дээдийн жаргал гэж боддог.

-Бид бурхныг шүтдэг хэрнээ яаж буян үйлдэхээ тэр бүр мэддэггүй юм шиг санагддаг?

-Сэтгэлээ ариун байлгах хэрэгтэй. Аливаа юм бүхэн сэтгэлээс үүдэлтэй байдаг. Сэтгэлдээ өөдрөг бодол тээж, бурхнаас залбирч шивнэхэд бүтэхгүй зүйл байхгүй. Төрүүлж өсгөсөн аав, ээжээ бурхан хэмээн шүтэж амьдар. Мэлмийдээ хайрлаж, өлмийд нь сөгдөж яваарай.

Эхийн ариун цагаан сүүг орлож чадах шидтэн хаана ч байхгүй. Эсэн бусын үгээр ижийгээ бүү гомдоогоорой. Энэ яваа насандаа эцэг эхээ гомдоовол бурхан болсон хойно нь ч гэсэн сүнс нь муугаар нөлөөлж хатуурхдаг гэдгийг санаж яв.

Өөрийг тань өдий зэрэгт хүргэсэн үнэнч ачтан гэвэл ээж тань шүү. Эхийгээ хичнээн баярлуулна төдийчинээ сэтгэл нь үр хүүхдүүдээ баярлуулж тэтгэнэ. Амьд ахуйд нь хүндэлж, ач тусаа харамгүй өгч, сайхан сургаал үгсийг нь сонсож яваарай.

-Хүний амьдрал хувь заяа, бурхны зурсан зургаар болдог гэдэгтэй та санал нэг байдаг уу?

-Тийм ээ, энэ бүхэн үнэний хувьтай. "Заяагаар төрж, тавилангаараа амьдардаг" гэдэг дээ. "Санаа сайн бол заяа зөв" гэдэг үг бий. Хүн болгон өөрийнхөө амьдралын сайн муу явах хувь заяагаа атгаж төрдөг. Эрдэнэт хүний биеийг олох нь буянаар төрдөг гайхамшигт төрөл.

Сайхан төрөх заяаных, сайхан амьдрах санааных юм. Төрсөн жилтэй холбоотой төөрөг, заяа бий. "Би ийм л заяа төөрөгтэй" гэж эвлэрээд "Ийм од гаригт төрчихсөн, тэгээд л ингэж амьдарч явна" гэж хувь тавилангаа голж амьдарвал сайн заяат хүний төөрөг биш.

Энэ бол муу заяатын үйл. Харин заяа төөргөө зөвөөр дагаж, түүнийгээ хөгжүүлж амьдрах нь сайн заяат хүмүүний ёс юм.

 Ярилцсан Г.Батцэцэг

 

Ням гариг сэтгүүл 2010.01.03

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)