“Зөвшөөрөлтэй ч голын ус боож, хайрга зөөх эрхгүй”

“Янгирт” компани Хөвсгөлийн эрэгт чулуун хашаа барьж буй талаар зураг бүхий мэдээлэл цахим сүлжээнд түгж, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Ж.Оюунмаа энэ тухай “Чулуутын голыг таслан хашиж, Өлхөн сайраас хайрга зөөж, чулуун хашаа барьж байна. Эко бүсэд ийм хана, хэрэм, хашаа хийх хэрэг байна уу. Ингэж олборловол ус цэвэршүүлдэг хайрга дуусаж, Хөвсгөл нуурын бохирдол улам ихсэхийг зөвшөөрөл өгсөн, авсан нөхөд ойлгооч. Чадан ядан урсаж буй Чулуутын эргийг том чулуунуудаар дарж, урсгалыг саатуулснаар дахиад нэг гол алга болох вий” гэсэн юм. Эл мэдээллийг тус аймгийн БОАЖГ-ын дарга Р.Жаргалсайханаас тодруулахад “Улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах учраас хамгаалалтын захиргаанаас асуу. Бид мэдэхгүй” гэв. Харин Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Х.Идэр “Дараа асуу, амарч байна” гэж бухимдаад, утсаа таслав. БОАЖЯ-ны эх сурвалж энэ талаар “Тус компани тэнд газар эзэмшдэг ч анх зөвшөөрөл авахдаа нэлээд “но”, будилаан үүсгэсэн байж болзошгүй юм билээ. Орон нутгийн иргэд холбогдох байгууллагад хандсаны дагуу эл асуудлыг шалгаж байгаа. Газрын зөвшөөрөлтэй ч хайрга зөөж, голын урсгал хаах, боох эрх аж ахуйн нэгжид байхгүй” гэв. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, “Янгирт” компани далай ээжийн өмнөд хэсгийн эрэг дагуу газарт жуулчны бааз байгуулах гэнэ. Гэвч тухайн бүсийг хариуцдаг мэргэжилтэн, албан тушаалтнууд энэ талаар мэдээгүй юм шиг дүр эсгэж, ам нээхээс цааргалав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)