Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгахад 100 сая төгрөг зарцуулна

Гудамж, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбаруудыг буулгах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эхлүүлжээ. Тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнээс энэ талаар тодрууллаа.

-Зөвшөөрөлгүй байрлуулсан хэчнээн самбар буулгав?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх 160 хаяг, тулгуурт 32 байгууламжийг буулгасан. Нийслэлийн хэмжээнд тулгуурт 120 гаруй байгууламж байгаагийн 90 орчим нь зөвшөөрөлтэй. Хулдаасан хэвлэл, түр самбар зэргийг дүүргийн ЗДТГ-ынхан хянах үүрэгтэй. Иргэд хувийн өмчийн газартаа зарын самбар байрлуулсан нь багагүй төвөг учруулж буй. Тиймээс дүүрэг бүрийн Газар зохион байгуулалтын албатай хамтран зохицуулж байгаа.

-Зөвшөөрөлгүйгээр самбар байрлуулбал ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зөвшөөрөл авсан боловч гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй иргэн цөөнгүй. Тиймээс буулгах тулгуурт байгууламжийн тоо олон байгаа. Бид албадан буулгаж журамлана. Иргэд буулгах ажилд зарцуулсан төлбөрийг төлөөд самбараа буцаан авах боломжтой. Энэ сард Чулуун-Овооны зам, “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд зөвшөөрөлгүй байрлуулсан тулгуурт байгууламжуудыг буулгана.

-Үүнд хэдэн төгрөг төсөвлөсөн бол?

-Өнгөрсөн онд зарлал, мэдээллийн самбараас 921 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. 1000 гаруй хаяг, 30 тулгуурт байгууламжийг буулгахад 50 сая төгрөг зарцуулжээ. Энэ жил 100 сая төгрөг төсөвлөснөөс 25 саяыг нь зарцуулаад байна.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)