Зөвшөөрөлгүй газарт машин борлуулдаг зөрчил буурахгүй байна

2019.12.04, 14.10 цаг. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 25 дугаар эмийн сан орчимд зөвшөөрөлгүй газарт автомашин борлуулаад олон сар болжээ

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй газарт автомашин борлуулж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өчигдөр мэдээлэв. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй 62 аж ахуйн нэгжид өнгөрсөн наймдугаар сард зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ. Тэдгээрээс 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь албан шаардлагыг үл тоосоор байгаа нь шалгалтаар илэрсэн. Тиймээс зөрчилтэй 31 иргэн, 15 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг хотын даргад хүргүүлсэн байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт “Баянбогд хайрхан”, Баянзүрхэд МЧГА компани болон иргэн Ч.Гансүх, Д.Соёлмаа, Р.Төмөрчөдөр нар зөвшөөрөлгүй газарт автомашин борлуулж байсан тул нийслэлийн Засаг даргын А/1098 захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгожээ.

“2014 онд байгуулсан Авто худалдааны цогцолбор 6375 зогсоолтой. Одоогоор 3600 орчим машин борлуулж байна. Цогцолборт сул зогсоол олон бий. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй газарт машин зарах бус, манай цогцолборт төвлөрөх шаардлагатай. Нэг зогсоолыг ашиглах үнэ өдрийн 2000 төгрөг” гэж “Олон улсын логистикийн төв” ХК-ийн гүйцэтгэх захирал К.Олимпиад мэдээлсэн.

Бэлтгэсэн: Б.Мөнгөнзаяа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)